Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Иран-Афганистаны хил дээр усны маргаанаас үүдэлтэй зэвсэгт мөргөлдөөн гарчээ

Т.Давааням, ikon.mn
2023 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт Иран-Афганистаны хил дээр усны маргаанаас үүдэлтэй зэвсэгт мөргөлдөөн гарсны улмаас хамгийн цөөндөө гурван хүний амь үрэгджээ.

Нимроз мужийн нутагт Ираны хилийн харуулууд Афганистаны тал руу эхэлж гал нээсэн тухай Талибын засгийн газрын дотоод хэргийн яамны төлөөлөгч Абдул Нафи Такор мэдэгдсэн байна.

Ираны эрх баригчид эсрэгээрээ Талибын талыг түрүүлж өдөөн хатгасанд буруутгажээ.

Үүний улмаас Афганистаны нэг, Ираны хоёр хилийн харуул алагдаж, хэд хэдэн хүн шархадсан гэнэ.

“Нөхцөл байдал хяналтад байна. Исламын Эмират (Афганистан) өөрийн хөршүүдтэй дайтах сонирхолгүй” гэж Такор мэдэгджээ.

Саяхан Ираны ерөнхийлөгч Эбрахим Райси тус улсын зүүн бүс нутагт урсдаг Хелманд голын усыг хааж боохгүй байх 1973 оны гэрээгээ хүндэтгэхийг Афганистаны талд анхааруулсан юм.

Талибын эрх баригчид голын урсгалыг хаагаагүйгээ тухайн үед хариу мэдэгдэж байжээ.

Зэвсэгт мөргөлдөөн болсны дараа Тегераны эрх баригчид хоёр улсын худалдааны гол боомтыг тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гаргасан байна.

Милак-Заранжийн энэ боомт нь мөргөлдөөн болсон газраас хол байрладаг юм.

1,000 гаруй километр урт Хелманд гол нь хоёр улсын хил дагуу урсдаг бөгөөд эх нь Афганистаны нутагт байдаг.

Афганистаны тал голын эхэнд эрчим хүч үйлдвэрлэх болон тариалангийн талбай услах зорилгоор далан босгосон байдаг ажээ.

Ираны нутаг дэвсгэрт сүүлийн 30 орчим жил ган гачиг тасрахгүй байгаа. Тус улсын газар нутгийн 97 хувь тодорхой хэмжээний гантай байгааг Ираны Цаг Уурын Байгууллага саяхан мэдээлж байв.

Өнгөрсөн долоо хоногт Талибаны гадаад хэргийн сайд Амир Хан Муттаки тус улс дахь Ираны элчин сайдтай Хелманд голын асуудлаар уулзсан тухай Кабулын албаны эх сурвалж мэдээлжээ.

Сүүлийн үед Иран-Афганистаны сөргөлдөөн нэмэгдэж, сошиал орчинд Талибын дэглэмийг дэмжигчид Иранд хүчтэй цохилт өгөхийг уриалах болжээ.

Тухайлбал Талибын засгийн газрын батлан хамгаалах яамны сайдын үүрэг гүйцэтгэгч Муллах Мохаммад Якубт хандсан ийм уриалга ихээр цацагдах болсон юм.

Муллах Якуб нь Талибын хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч, анхны удирдагч агсан Муллах Мохаммад Омарын хүү ажээ.

 

Эх сурвалж: Aljazeera