Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Бахмутыг Оросын армид шилжүүлж эхэлснээ Вагнерын тэргүүн мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
2023 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Бахмут хот дахь байрлалуудаа Оросын албан ёсны армид шилжүүлж эхэлснийг Вагнер хувийн зэвсэгт хүчний компанийн тэргүүн Евгений Пригожин өчигдөр мэдээлжээ.

Өнгөрсөн Бямба гарагт тэр Донецк мужийн энэхүү жижиг хотод бүрэн хяналтаа тогтоосныг зарлаж байсан юм.

Харин Украины тал Бахмутыг алдсанаа үгүйсгэж, хотын зарим хэсгийг хянасан хэвээр, тулаан үргэлжилж байгааг мэдэгдэж байна.

Бараг нэг жил үргэлжилсэн ширүүн тулааны улмаас Бахмут хот одоо эзгүй балгас болоод байгаа.

“Бид өнөөдрөөс ангиудаа Бахмутаас гаргаж эхэллээ. Байрлалаа сум хэрэгсэл болон бусад бүх зүйлсийн хамт армийн анги нэгтгэлүүдэд хүлээлгэн өгч байна. Бид хотоос гарч, амарч, бэлтгэлээ хангасны дараа шинэ даалгавар хүлээж авах болно” гэж Пригожин ярьжээ.

Саяхан өгсөн ярилцлагадаа тэрбээр Бахмутын тулаанд нийт 20,000 гаруй хүнээ алдсаныг хүлээн зөвшөөрсөн юм. Үүний 10,000 орчим нь Оросын шоронгуудаас элсүүлсэн хоригдлууд байжээ.

Украины арми Өрнөдийн амласан зэвсэг техникийг бүрэн хүлээж авсныхаа дараа сөрөг давшилт эхлүүлэх төлөвтэй байгаа.

Үүнийг угтуулан Оросын тал Украины хотуудад өгөх агаарын цохилтоо эрчимжүүлж байна.

Хамгийн сүүлд Иранд үйлдвэрлэсэн дроноор агаараас довтолсныг Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр мэдээлжээ.

“Дайснууд 36 ширхэг Шахед дроноор Украины нутаг дэвсгэрт агаарын довтолгоогоо үргэлжлүүллээ. Тэдгээрийн ганц нь ч байдаа хүрч чадсангүй. 100 хувийн үр дүн үзүүлсэн агаараас хамгаалах хүчнийхэндээ би талархаж байна” гэж тэр сошиал хуудсандаа мэдээлсэн юм.

Оросын агаарын довтолгоо нь удахгүй эхлэх сөрөг давшилтыг саатуулах зорилгоор баруун Украины нутаг дахь дэд бүтцүүдийг онилж байгааг Киевийн эрх баригчид мэдээлж байна.

Өрнөдийн холбоотнуудын нийлүүлсэн агаарын довтолгооноос хамгаалах системүүдийг Украины тал бүрэн ашиглаж эхэлсэн нь сүүлийн үед явуулсан Оросын ажиллагааны үр дүнгээс харагдаж байгаа.

 

Эх сурвалж: AFP