Шүд Угаалтын Аварга Шалгаруулах Тэмцээний дурсамж
2018 онд Тайвань улсад ээлжит сургалтдаа сууж байхдаа Тайваний Шүдний Холбооноос жил бүр зохион байгуулдаг “Шүд Угаалтын Аварга Шалгаруулах Тэмцээн 2018” болох гэж байгааг дуулаад хүсэлт тавьж уг тэмцээнийг үзэж сонирхмоор байгаагаа хэлсэн юм. Уг тэмцээн дэлхий дээр ганцхан Тайвань улсад зохион байгуулагддаг, их алдартай арга хэмжээ юм. Миний хүсэлтийг Тайваний Шүдний Холбоо тун уриалагхан хүлээн авч билээ. Миний бие тэр үед Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төв /НШЭНТ/ эмнэлэгт эмчилгээ орлогч даргаар ид идэвхтэй ажиллаж байсан үе маань. Тайваний Шүдний Холбоо /ТШХ/-той 2 жил дараалан Нийслэлийн Налайх дүүрэгт сайн дурын үзлэгийг манай НШЭНТ-тэй хамтран зохион байгуулж байсан туршлагатай, нэлээд ойр харилцаатай байсан үе. Мөн Тайвань улсын томоохон эмнэлгүүдэд манай НШЭНТ-с бараг 40-д эмч, мэргэжилтнүүд тэтгэлгээр суралцаад байсан юм.
Тайвань улсын “Шүд Угаалтын Аварга Шалгаруулах Тэмцээн”-г би бүр 2003, 2004 оноос оюутан ахуй үеэсээ анх сургийг нь дуулж байсан, мөн миний үндсэн мэргэжил болох шүд, амны хөндийн урьдчилан сэргийлэлтээр ажиллаж байсны хувьд уг тэмцээнийг өөрийн биеэр очиж үзэх юмсан, болбол Монголдоо хийж үзэхсэн хэмээн мөрөөддөг байж билээ. Мөрөөдөл минь харин 2018 онд хувь заяаны эрхээр биелсэн шүү, Тайвань улсад очиж уг тэмцээний зохион байгуулалтыг үзэхэд нэлээд өргөн бүрэлдэхүүнээр, улс орон даяар, нүсэр зохион байгуулдгийг хараад сүрдэж билээ. Тэмцээн зохион байгуулагч Тайваний Шүдний Холбооноос бичлэг, зураг авч болох эсэхийг асууж зөвшөөрөл авсан юм. Бараг 3 цагийн бичлэг, 200 орчим зураг авсан санагдана. Амьхандаа л Монголдоо очоод хийж үзэж болмоор юм уу үгүй гэдгийг нь турших гээд байгаа юм. Бүх нарийн ширийн процессыг нь нэгд нэгэнгүй бичиж авч, тэмдэглэж, асууж лавлаж байсан даа. Тэгээд урам зориг ороод, Тайваний Шүдний Холбооноос “Би Монголд очоод уг тэмцээнийг шууд хуулаад зохион байгуулж болох уу, та бүхэн дэмжих үү” гээд зориглон асуулаа. Тэд маань харин тун баяртайгаар хүлээн авсан бөгөөд хэрэв зориглоод үзвэл чамайг бүх талаар дэмжинэ шүү гээд урам өгсөн. Тэмцээн зохион байгуулахад шаардлагатай 500-д тусгай сойз, шүдний утас, будагч бодис, тэмцээний шүүх хуудас, дүрэм журам, шүүлтийн загвар, тэмцээнд оролцох хүүхдүүд, багш нарыг хэрхэн бэлтгэх, тайз заал хэрхэн зохион байгуулах, бүр тэмцээний ая, дууг нь хүртэл бүх л юмаа надад харамгүй өгсөөн. Яг судлаад, бэлдээд ирэхэд бас халширмаар, өөртөө эргэлзмээр л хэцүү арга хэмжээ байсансан. Их л зүрхшээж билээ.
Нутагтаа ирлээ. НШЭНТ-нхөө удирдлага, хамт олонд танилцууллаа. Хэдүүлээ зориглоод үзвэл яаж байна гэсэн дуу нэгтэй тэгье ээ гэж байна шүү. Ингээд л зохион байгуулалтынхаа ажилд ханцуй шамлан орж билээ. НШЭНТ-н хамт олон дуу нэгтэй, амь нэгтэй дэмжиж бүх хүч чадлаа дайчлан ажилласныг цохон тэмдэглэмээр байна. Нийт 74 ажилтан нэг бүр 3-н сарын турш бэлдэж, ажилласан даа манай хамт олон. Хамгийн эхний асуудал нь тэмцээнээ хаана эхэлж зохион байгуулах вэ гэсэн асуулт байлаа. Хүн ам цөөтэй, алслагдсан, хүүхдүүд ихтэй, 2 жил хамтран маш сайн ажиллаж байсны хувьд Налайх дүүрэг, НДЭМН-н дарга Байгаль эмчид хүсэлтээ уламжиллаа. Манай дүүрэг шүдний өвчлөлгүй дүүрэг болох зорилго тавьсан, сүүлийн 4н жил Монголын Шүдний Холбоо, Тайваний Шүдний Холбоо, Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төвтэй хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн тул бидний ажлын зорилгод бүрэн нийцэж байна гээд НДЗДТГ, НДЭМН, Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулиуд гээд бүх түвшиндээ дэмжиж ажиллахаар болсон билээ. Ингээд 2018-2019 онуудад 2 үе шаттай тэмцээнээ Налайх дүүрэгт явуулахаар болж, төлөвлөгөө хөтөлбөр гарган ажилласан. Мөн бидэнд уг тэмцээнийг зохион байгуулахад тодорхой зардал мөнгө, урамшуулал, эд хэрэглэлүүдэд шаардлагатай байсан тул НШЭНТ, ТШХ, НДЗДТГ, НДЭМН-ууд зардлаа хуваан авч ажиллаж билээ.
Мөн зарим зардлуудыг төсвөөс шийдүүлэхэд хүндрэлтэй байсан тул Таван Богд ХХК-н Colgate брэнд, МонФреш ХХК-иудад хүсэлт тавихад тун таатай хүлээн авч бидний үйл ажиллагааг дэмжиж ажилласан. Урам, зоригтой сайхан байсан. Эхний шатанд 9-12 насны нийт 242 хүүхдийг сонгон авч 1 сар гаруй өдөр бүр хүүхдүүдээ бэлдсэн. Нийт 8-н ЕБС-н 242 хүүхэд эхний шатанд оролцсоноос 180 орчим хүүхэд 2 дахь шатанд оролцсон санагдана. 2019 оны хавар 5-н сард Тайваний Шүдний Холбооноос төлөөлөгч нар хүрэлцэн ирж Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа “Шүд Угаалтын Аварга Шалгаруулах Тэмцээн 2019”-н 2 дахь шатны тэмцээнийг минь үзэж сонирхсон. Тэд маань анхны тэмцээнийг маань хараад маш өндөр сэтгэгдэлтэй байсан бөгөөд ихэд сэтгэл нь догдолсон байж билээ. Хамгийн гоё нь уг Налайх дүүрэгт зохион байгуулагдсан “Шүд Угаалтын Аварга Шалгаруулах Тэмцээн 2019”-н аварга болсон багыг 2019 оны 10-н сард Тайвань улсад болох “Шүд Угаалтын Аварга Шалгаруулах Тэмцээн 2019”-нд урилгаар оролцох эрхээр шагнаж билээ. Ингээд 2019 оны 10-р сард шалгарсан баг буюу 8-н хүүхэд 2 багш нарын бүх зардлыг ТШХ-с бүрэн дааж Тайвань улсад 7 хоног аялуулж, амраасан гайхалтай мөчийг эргэн санахад тун таатай байна. Түүнчлэн Улаанбаатар дахь Тэйпейн Худалдаа, Эдийн Засгийн Төлөөлөгчийн Газрын хамт олон удирдлага тус багын гишүүдийг хүлээн авч амжилт хүсээд, бүх гишүүдийн визийн хураамжийг чөлөөлж буйгаа мэдэгдэж, гарын бэлэг гардуулан өгч байсныг хэзээ ч мартахгүй, сайхан дурсамж болон үлджээ.
Улмаар Налайх дүүрэгт олон олон хүмүүсийн нөр их хөдөлмөр, цаг хугацаагаар амжилттай болсон “Шүд Угаалтын Аварга Шалгаруулах Тэмцээн 2019” маань төр засгийн анхаарлын төвд орж, шатлан өргөжиж 2019 онд Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдан 8-н дүүргийн 240 орчим хүүхдүүд оролцож, тэд маань давхар сургагч багш болон үе тэнгийнхээ хүүхдүүдэд шүд амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох ажлаа сайн хийж байсан. Тун харамсалтай явдал болж 2020 оны 1-р сард Дэлхий даяар 3-н жил бүтэн үргэлжилсэн Ковид-19 цар тахлын нөлөөгөөр “Шүд Угаалтын Аварга Шалгаруулах Тэмцээн” маань 3-н жил өнжсөн билээ. Одоо манай улс цар тахлын үр нөлөөг тун амжилттай сөрөн гарч, хэвийн ажил амьдралдаа эргэн орсон. Тиймээс 2022 оны 11-р сард Налайх дүүрэг дээр ЭМЯ, НЭМГ, НДЗДТГ, НШЭНТ, ТШХ-той хамтран мөн олон олон ивээн тэтгэгч нарынхаа тусламжтайгаар “Шүд Угаалтын Аварга Шалгаруулах Тэмцээн 2022” тэмцээнийг тун амжилттай зохион байгуулсан юм.
Ер нь энэ “Шүд Угаалтын Аварга Шалгаруулах Тэмцээн”-ний ач холбогдол чухам юундаа байна вэ гэх асуулт нийгмийн зарим гишүүдийн хувьд ойлгомжгүй санагддаг байж болох юм. Би 2018 онд Тайваний Шүдний Холбооноос тэмцээний ач холбогдлыг асууж байсан юм. Тайваньд уг тэмцээнийг зохион байгуулахдаа бүх ЕБС-уудыг оролцуулдаг бөгөөд хамгийн сайн угаадаг анги сургуулийн шүдний өвчлөл 70% хүртэл хувиар буурч байсан, дунджаар 30%-40%-р шүдний өвчлөлийг бууруулдаг гэсэн гайхалтай мэдээг сонсож байсан. Мөн уг тэмцээний гол нэгээхэн чухал ач холбогдол нь Шүд угаалт, амны хөндийн эрүүл мэндийн асуудлыг нийгэм, гэр бүл, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчдийн анхаарлын төвд оруулдаг нь байх гэж бодож итгэж явдаг билээ. Түүнчлэн уг тэмцээнд оролцогч хүүхдүүд болон ЕБС-ууд зөвхөн шүд угаалтын тэмцээндээ орохоос гадна үе тэнгийнхэндээ зориулан бүтэн улирлын турш шүд амны хөндийн эрүүл мэндийн талаар хичээл сургалт орж хоорондоо өрсөлддөг юм шүү. Өөрөөр хэлбэл олон нийт, эцэг эхчүүдийн нүднээс далд тэд маань маш их хөдөлмөрлөдөг билээ.
Уг тэмцээн маань жил бүр шатлан өргөжиж ЭМЯ, НЭМГ, НШЭНТ, НАСС-н удирдлага санаачилгаар 2023.05.09-нд улс орон даяар, Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах гэж буйг сонсоод анхлан уг тэмцээнийг Монгол улсад зохион байгуулж, нутагшуулсан эмчийн хувьд тун таатайгаар, бахархал дүүрэн дэмжиж энэхүү дурсамжийг бичиж сууна. Нийт зохион байгуулж буй ажлын хэсгийнхэнд өндөр амжилтыг хүсэн ерөөж, Монгол хүүхдүүдийн шүд амны хөндийн эрүүл мэндийн төлөө зүтгэж буй та бүхний нөр их хөдөлмөрөөр бахархаж буйгаа дуулгахад таатай байна.
Тайвань улсын эрүүл мэндийн систем гайхалтай сайн, өндөр хөгжсөн, түүнээс гадна энэ мэт эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, идэвхжүүлэх идэвхтэй арга хэмжээ, тэмцээнүүд нэн түгээмэл, өөрийн гэсэн тогтсон системтэй, маш өндөр үр дүнтэй ажилладаг нь эмч бидний суралцах ёстой талбар юм гэж боддог. Миний бие уг тэмцээнээс санаа аван, ялангуяа шүдний өвчлөл ихтэй улс орнууд, дэлхий нийт Тайвань улсаас суралцаж байгаасай гэж найддаг. Мөн олон улсын эрүүл мэндийн байгууллагууд, мэргэжлийн холбоодууд санаа авч тус улсаас, уг тэмцээнээс сайн суралцаасай гэдэгт итгэдэг билээ.
Тус тэмцээнийг зохион байгуулахад бүхий л хүч чадлаа, чин сэтгэлийн угаас дайчлан ажиллаж өдий зэрэгтэй болгосон нэгэн үеийн хамтран зүтгэгч АУ-ны доктор, дэд профессор Л.Хэнтий багш, АУ-ны магистр Ц.Байгал эмч, Б.Отгонсайхан эмч тэргүүтэй үе үеийн Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төвийн хамт олондоо, Тайваний Шүдний Холбоондоо, Улаанбаатар дахь Тэйпейн Худалдаа, Эдийн Засгийн Төлөөлөгчийн Газрын хамт олонд, Налайх Дүүргийн Эрүүл Мэндийн Нэгдлийн хамт олонд, Налайх Дүүргийн ЗДТГ-ын хамт олонд гүн талархаж буйгаа илэрхийлэн, бидний хамтын зүтгэлээр эхэлсэн ажил жил бүр улам өргөжиж, олон олон хүүхдүүдийг хамруулан зорьсон зорилгодоо хүрэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Монгол хүүхэд бүр эрүүл сайхан инээмсэглэж явах болтугай.
Дурсамж бичсэн: АУ-ны магистр, клиникийн профессор, Нүүр амны их эмч Б.Өнөрбилэг
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
