УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх эсэхийг гишүүд асуув.
Сангийн сайд Б.Жавхлан "Сүүлийн 2-3 жилийн хугацаанд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляц, үнийн өсөлтийг давах хэмжээнд нэмэгдүүлж чадаагүй. Тиймээс эрх зүйн орчин, төсвийн бодлогоор цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулж, нэмэхээр төсөвт тусгана" гэдгийг хэллээ.
Харин зээлийн хүүгийн тухайд "Энэ нь зах зээлийн байдлаас шалтгаалж тогтдог. 2019 оны сүүл үед арилжааны банкуудын жилийн хүү нэг хувь руу орж байсан. Гэсэн хэдий ч үүнээс цааш олон сорилттой тулгарлаа. Цаашид эдийн засгийн алдагдлаа бууруулах, валютын нөөцөө өсгөх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байгаа нь зээлийн хүүг бууруулах суурийг бий болгохын тулд зорьж ажиллаж буй хэрэг юм.
Засгийн газрын зүгээс зээлийн хүүг шууд тэд болгоно гэж онилох боломжгүй" хэмээв.