Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадын нэг ч хөрөнгө оруулалтыг алдах эрх бидэнд байхгүй

Өдрийн сонин
2023 оны 5 сарын 10
Өдрийн сонин

Гадаадын шууд хөрөнгө оруулалт эдийн засаг хоёр эерэг хамааралтай. Үүнийг 2010 оноос хойших Монголын эдийн засгийн өсөлт нотолно.

зураг
 

Эх сурвалж: ҮСХ, Монголбанк

Монголд 4.6-5.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж байсан 2011, 2012 онд эдийн засаг 17% өсөж байсан бол 2015 онд 0 болоход Монгол Улсын эдийн засаг 1% болж агшиж байсныг санаж байгаа байх. Монгол Улс үйлдвэрлэгч орон биш учраас эдийн засгийг тэлэх нэг том хүч нь гадаадын шууд хөрөнгө оруулалт.

Гаднынхан манай улсын ашигт малтмал буюу уул уурхайн салбарт хөрөнгө оруулах илүү сонирхолтой байдаг. Хамгийн том жишээ нь Оюутолгой. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулсан хамгийн том энэ төсөл сүүлийн 10 жилд Монголын эдийн засгийн хүнд үеүдэд валютын нөөцөө шавхчхалгүй, гал алдахгүй давах тулгуур болж ирсэн.

Ийм том төслийн хөрөнгө оруулалт нь манайх шиг жижиг улсад эдийн засагт хэд дахин үржигдэж өгөөжөө өгдгөөрөө маш ач холбогдолтой. Тодруулбал, хөрөнгө оруулалт нь ажилчдын цалин, ханган нийлүүлэгчдэд төлсөн төлбөр, татвар зэрэг нь эргээд эдийн засгийн эргэлтэд орж, дотоодын хэрэглээг нэмэгдүүлж, мөнгөний урсгалыг эрчимжүүлэх замаар үнэ цэнэ нь хэд дахин үржигддэг. Түүнчлэн валютын нөөцийг нэмэгдүүлж, төгрөгийн тогтвортой байдлыг хангадгаараа тухайн төсөлтэй хамааралгүй ч иргэн болгоны, өрх бүрийн орлого, амьжиргаанд эергээр нөлөөлдөг билээ.

Тэгвэл гаднын хөрөнгө оруулалт яаж орж ирэх вэ? Тухай улсад итгэж байж хөрөнгө оруулагчид мөнгөө өгдөг.

Монгол Улс өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулагчдыг гомдоохыг нь гомдоож, дээрэмдэхийг нь дээрэмдэж, заримыг нь бүр хөөсөн. Энэ алдаагаа ухаарч, уучлалт гуйж, хохирлыг барагдуулахаар одоогийн Засгийн газар ажиллаж байгаа ч шинэ хөрөнгө оруулалтын чимээ одоогоор алга.

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортынхоо буянаар амь зуудаг манайх шиг эдийн засаг ойрын 10-20 жилдээ энэ салбарын хамаарлаас ангижирч чадахгүй. Тиймээс нөөц боломжоо ашиглаад байгалийн баялагтаа тулгуурлан хөрөнгө оруулалт татаж, түүнийгээ зөв зарцуулах нь ойрын хугацааны том боломж юм. Ялангуяа, хоёр хөршөөс илүүтэй гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт стратегийн хувьд ч, геополитикийн хувьд ч тэр ач холбогдолтой юм. Ялангуяа, улсын тусгаар тогтнолд гуравдагч хөршийн бодлого хамгийн чухал болохыг олон жил ярьж ирсэн. Тухайлбал, Монголын уул уурхайн үндэсний ассоциацын ерөнхийлөгч асан Д.Дамба “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Ц.Баасансүрэнд өгсөн ярилцлагадаа “Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татаж чадвал тусгаар тогтнолд хэрэгтэй. Мөнгөө оруулчихсан улс хөрөнгөө хамгаалах бодлого явуулж таарна” гээд “Хоёр хөршийн аль нэг улсынх нь давамгайлал гэх мэт асуудал гарлаа гэж бодоход эергээр зохицуулах гол арга нь гуравдагч хөршийн бодлого. Гуравдагч хөршийн бодлого гэдгийг АНУ, Англи гэж ойлгож болохгүй. Хоёр хөршөөс гадна маш олон улс бий. Тэдний ашиг сонирхлыг хөрөнгө оруулалт хэлбэрээр татах нь их чухал” гэдгийг онцолсон байдаг. Нөгөө талд гуравдагч хөршийн бодитой хөрөнгө оруулалт сонсогдож эхлэх бүрд ямар нэгэн шалтгаанаар замхардаг, замхруулдаг. Ихэнхдээ хоёр хөршийн нөлөө байдгийг ч тухайн үйл явдлын оролцогч талууд болон ойрын эх сурвалжууд нуудаггүй.

Яг өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулахад бэлэн стратегийн том төсөл Монгол Улсад гарын таван хуруунд багтам цөөн. Бүр бэлэн болчихсон гэвэл Дорноговь аймгийн Улаанбадрах суман дахь Зөөвч-Овоо ураны уурхайн үйлдвэрийн туршилт дуусаж, ТЭЗҮ-ээ боловсруулаад буй. Энэ бол Монгол, Франц Улсын төрийн өмчит компаниудын хамтран явуулж байгаа төсөл. Өмнөговь аймгийн сав газрыг түшиглэн "Жи Өү Эйч", "Метан газ ресурс", "Тэлмэн ресурс" хэмээх Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй гурван компани метан хийн цооног өрөмдлөгийн ажлыг хийж байгаагийн нэг нь үйлдвэрлэлийн үе шатаа эхлүүлэхээр цооног өрөмдсөн талаараа хэвлэлд мэдээлсэн. Энэ боломжийг Засгийн газар алдалгүй хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтыг татахаас өөр сонголтгүй.

Хэрэв Монгол Улсад гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй бол яах вэ? Тийм ч ноцтой муу зүйл нүүрлэхгүй ч бид үсрэнгүй хөгжих талаар бодох хэрэггүй болно. Хөгжил удааширна, яст мэлхий шиг л урагшилна гэсэн үг. Байгаа багахан нөөц боломжоо шавхан эдийн засгаа тэлэхийг хичээх ч төсвийн алдагдал тийм амар буурахгүй, инфляц, төгрөгийн тогтвортой бус байдлыг дагаад өрхийн амьдрал хялбар дээшлэхгүй. Нэг ёсондоо эдийн засгийн цус сэлбэлтгүй байгаатай ижил.

Тиймээс манай улсын хувьд аль болох гаднын хөрөнгө оруулалтыг татахад анхаарал хандуулж, ороод ирсэн улсуудыг үргээхгүй байх нь чухал хэвээр.

Оюутолгойн төсөл манай эдийн засгийн ганц найдвар гэрэл гэгээ болоод байгааг хэн хүнгүй харж байна. Уг төсөлтэй холбоотой хөрөнгө оруулалт нэмэгдсэн нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлж эхэлсэн. Үүнийг дагаад хөрөнгө оруулагчдад бага ч болов итгэл найдвар төрж байгаа болов уу. Харин эндээс олсон сургамждаа тулгуурлаж, дараа дараагийн, гуравдагч орнуудын хөрөнгө оруулалтын өөрийн оронд ашигтайгаар, алдалгүй тосож авах нь Монголын эдийн засагт нэг дархлаа нэмэх болно.

 

Эх сурвалж: Ц.Тамир, Өдрийн сонин

Зураг