Япон улсын засгийн газар таван жил тутамд хүн амынхаа ирэх 50 жилийн өсөлтийг тооцоолдог. Энэ нь тэтгэврийн сангийн ирээдүйн нөөцийг тооцоолоход ашиглагддаг юм.
Тэгвэл Лхагва гарагт 2070 оны байдлаар Япон улсын хүн амын нөхцөл байдал ямар байх шинэ тооцооллыг танилцуулжээ.
Уг тооцооллоор бол 2070 онд тус улсын хүн ам 2020 оныхтой харьцуулахад 30 хувиар агшиж, 87 саяд хүрэх гэнэ. 2020 онд 126.15 сая байсан Япон улсын хүн ам 2056 онд анх удаа 100 саяын босгоноос доош унах тооцоо гарчээ.
2070 оны хүн амын 10.8 хувь буюу 9.39 сая нь Япон улсад гурван сараас дээш хугацаагаар оршин суух гадаадын харьяат оюутнууд, мэргэжилтнүүд байх юм байна.
2020 онд гадаадын иргэдийн хүн амд эзлэх хэмжээ 2.2 хувь байжээ.
Энэ үед 65-аас дээш настай иргэдийн тоо 33.67 саяд хүрч, нийт хүн амын 38.7 хувийг бүрдүүлэх тооцоо гарсан байна. 2043 онд энэ хэмжээ оргилдоо хүрэхэд 39.53 сая болох гэнэ.
2070 онд төрөх насны нэг эмэгтэйд ногдох хүүхдийн тоо 1.36 байх ба энэ нь 2020 оны 1.33-аас ялимгүй өссөн үзүүлэлт байх ажээ.
Гэхдээ хүн амын өсөлтийг хадгалах 2.07 босго үзүүлэлтэд хүрэхгүй юм байна.
2022 онд Японд 800,000 хүрэхгүй тооны хүүхэд мэндэлж байсан бол 2043 онд 700,000, 2070 онд 500,000-аас доош буурах тооцоо гарчээ.
Ажил хөдөлмөр эрхлэх насныхан буюу 15-64 насны иргэдийн тоо нь 2020 оны 75.09 саяас огцом буурч, 2070 онд 45.35 саяд хүрэх гэнэ.
14 хүртэл насныхны тоо 2020 оны 15.03 саяас 2070 онд 7.97 сая болж буурах тооцоо гарчээ. 2070 онд Японы эрчүүдийн дундаж наслалт 2020 оны 81.58-аас 85.89 болж өсөх бол эмэгтэйчүүдийнх 87.72-оос 91.94 болж өсөх тооцоо гарсан байна.
Япон улс нь хүн амын тоогоор 1990 онд дэлхийн улс орнуудын дотор долдугаарт эрэмбэлэгддэг байсан бол 2022 онд 11 дүгээр байр руу ухарсан юм.
Тэгвэл 2050 онд 17 дугаарт эрэмбэлэгдэж, Вьетнам, Филиппин зэрэг улсуудын ард бичигдэх гэнэ. Японы хөрш Өмнөд Солонгосын хүн амын тоо мөн эрс буурах төлөвтэй байгаа. 2022 онд 51.8 сая байсан тус улсын хүн ам 2050 онд 45.8 саяд хүрэх тооцоо гарсан юм.
НҮБ-ын гаргасан төсөөллөөр хэдхэн хоногийн дараа Энэтхэг улс Хятадыг гүйцэж, дэлхийн хамгийн олон хүн амтай улс болох гэж байна.
Энэ байр сууриа Энэтхэг улс 2050 он хүртэл хадгалах гэнэ.
Эх сурвалж: Kyodo News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!