УИХ дахь Байгаль хамгаалал консервацийн бүлгийн гишүүд “Зэрлэг ан амьтад, тэдгээрийн гаралтай эд эрхтэн, бүтээгдэхүүний хил дамнасан хууль бус худалдаатай тэмцэх үйл ажиллагаа” сэдвээр 4 дүгээр сарын 19-ний өдөр холбогдох байгууллага болон судлаач нарын санал, дүгнэлтийг сонсож, зөвлөлдөв.
Энэхүү уулзалтын зочноор Легал Атлас компанийн захирал Жим Вингард "Олон улсын болон үндэсний хууль эрх зүйн шилдэг туршлагын дүн шинжилгээ, Монголын зэрлэг ан амьтдын худалдаа" хэмээх судалгааны ажлыг танилцуулж, Монгол Улс бүс нутгийн өөр хаана ч байхгүй зэрлэг ан амьтдыг хамардаг, асар том экосистем бүхий Ази тивийн хамгийн сүүлийн газрын нэг хэмээн дурдсан байна.
Зэрлэг амьтад, тэдгээрийн гаралтай эд эрхтэн, бүтээгдэхүүний хил дамнасан хууль бус худалдаа нь үндэстэн дамнасан томоохон гэмт хэргүүд болох хар тамхины наймаа, зэвсгийн наймаа, хүний наймааны араас дөрөвдүгээрт бичигдэх өргөн цар хүрээ, зохион байгуулалт бүхий гэмт хэргийн төрөлд тооцогдож байна. Тиймээс Монгол Улсад энэхүү гэмт хэргийн мэдээлэл дутмаг, хуулийн хэрэгжилт хангалтгүй байна.
Тиймээс цахим орчин дахь хууль бус худалдааны асуудлыг хуульчлах, зохион байгуулалттай гэмт хэргийг зэрлэг амьтдын хууль бус үйл ажиллагаанд хүндрүүлэх нөхцөл гэж хүлээн зөвшөөрөх, харь зүйл буюу манай улсад байдаггүй амьтдын зүйлийн асуудлыг хуульчлах, CITES-ийн жагсаалтад орсон амьтдын хууль бус худалдаанд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэх зэрэг асуудлыг шийдэх шаардлагатай гэж үзжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!