Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын дарга Юүе Гуодуныг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар хэлэлцэв.
2022 онд БНХАУ-ын Манжуур хотод Монгол Улсын Консулын газрыг албан ёсоор нээжээ. Ингэснээр Улаанбаатар-Манжуур чиглэлийн шууд нислэг, мөн хилийн боомтуудаар харилцан зорчих иргэдийн тоо нэмэгдэж байгааг Хотын даргаа хэллээ.
Энэ үеэр ӨМӨЗО-ны Манжуур хотын дарга Юүе Гуодун "Монгол, Хятад хоёр орон нь мөнхийн хөрш, сайн түншүүд бөгөөд хоёр орны ард түмний найрамдал нь өнө эртний уламжлалтай. Өдгөө хоёр орны харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрч, бүх салбарт эрчимтэй хөгжиж байна.
Улаанбаатар, Манжуур хотууд ч олон жилийн найрсаг хамтын ажиллагаатай. Цаашид энэ харилцаагаа хадгалахын зэрэгцээ тодорхой салбаруудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх саналтай байна.
Тухайлбал, төр, захиргааны хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнесийн шинэ гарцуудыг нээх, аялал жуулчлалын салбарт нягт хамтран ажиллаж, хил дамнасан аялал жуулчлалын брэнд чиглэл бий болгох, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаагаа тэлэхийг зорьж байна" хэмээв.
Эдгээр чиглэлд хамтран ажиллахаас гадна хот тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр харилцан туршлага солилцох, Улаанбаатарт хэрэгжүүлэх томоохон хөгжлийн төслүүдэд БНХАУ-ын төр, хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгжүүдийг оролцуулахад бэлэн гэдгээ Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар илэрхийлэв.
Түүнчлэн ирэх наймдугаар сард Улаанбаатарт болох Зүүн Азийн залуучуудын наадамд Манжуур хотын удирдлагыг урилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
|