Прокурорын байгууллагаас энэ оны нэгдүгээр улирлын тайлан мэдээг өнөөдөр танилцууллаа.
Нүүрсний гэх хэргийг шалгах хамтарсан ажлын хэсэгт нийт 48 мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 12 прокурор хэрэгт хяналт тавин ажиллаж байгааг Нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа онцоллоо.
Үргэлжлүүлэн тэрбээр "Одоо ажлын хэсэг нийт 47 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаагаас хэрэг бүртгэлтийн 24, мөрдөн байцаалтын 23 хэрэгт тус тус ажиллагаа явуулж байна. Нийслэлийн прокурорын газраас 58 хүнд холбогдох 7 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Нийт 127 хүнийг яллагдагчаар татсан бөгөөд үүний 13 нь улс төрийн нөлөө бүхий этгээд байгаа юм. Үүнээс
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 107 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Үүнээс 42 хүнд хувийн баталгаа, 11 хүнд тодорхой үйл ажиллагаа явуулахыг хязгаарлах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлээд байна.
Мөн 46 хүнд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, нийт 23 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авснаас одоо таван хүн цагдан хоригдож байгаа.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокуророос мөрдөх байгууллагуудад орон байранд нэгжлэг хийх зөвшөөрөл 123, хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хязгаарлах зөвшөөрөл 26, мэдээлэл баримт бичиг гаргуулах зөвшөөрөл 108, эд зүйл хураан авах зөвшөөрөл 13, нийт 270 зөвшөөрөл олгосон" хэмээв.
Мөн тэрбээр "Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнууд 13.8 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа. Үүнтэй холбоотойгоор нэр бүхий яллагдагч нарын дараах эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан болно. Үүнд:
Нэгжлэгийн ажиллагааны явцад илэрсэн 630,000,000 төгрөг, 230,000 ам.долларыг хураан авч, эх үүсвэрийг шалгаж байна.
Мөн нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой эдийн засгийн шинжилгээ хийлгүүлэхээр найман удаа шинжээч томилсон. Шинжээчийн бүрэлдэхүүнд Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Аудитын компаниудаас 17 шинжээч оролцуулжээ.
Цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан "Нотолбол зохих байдал"-ыг бүрэн тогтоох зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа" хэмээн мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
|