Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бат-Эрдэнэ: Нийслэлийг тойруулан 18 хөв цөөрөм байгуулах боломжтой ч судалгаа, ТЭЗҮ хийхэд $1 сая шаардлагатай

Э.Намуунцэцэг, iKon.mn
2023 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Ундны усны хангамж, нөөц, аюулгүй байдлын талаарх холбогдох байгууллагуудын мэдээлэл сонсож байна. Энэ үеэр байнгын хорооны гишүүд холбогдох байгууллагуудаас асуулт асууж, хариулт авав 

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан: Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсад 887 гол, 2,096 булаг шанд, 1,166 нуур цөөрөм ширгэж, жилд ордог хур тунадасны хэмжээ 10 хувь буурсан. Бэлчээрийн доройтол 65 хувьд хүрчээ. Мал сүргийг хонин тоо толгойд шилжүүлбэл 120 сая болсноор бэлчээрийн даац 5-10 дахин хэтэрлээ.

Цөлжилт эрчимжиж байгаагийн 49 хувь нь хүний хүчин зүйлээс болж байна. Тэгэхээр Монгол Улс ундны усны хомсдолд орж байгаа энэ асуудлаа яах вэ. Томоохон уул нуруудын усаар хөв цөөрөм үүсгэдэг ажлыг хэзээ хийх вэ?

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: Сүүлийн 80 жилийн хугацаанд Монгол Улсын агаарын хэм 2-2.25-аар нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл манай улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж байгаа 10 улсын нэг. Хур тунадасны хэмжээ жилийн 7.3 хувиар багассан.

Нийт бэлчээр 77 хувь боловч 57 хувь нь доройтсон байна. Сүүлийн 40 жилийн хугацаанд цэвдэг 30 хувиар алдсан. Уур амьсгалын өөрчлөлт энэ хэвээр явах юм бол 2100 он гэхэд манай улсын агаарын температур 4-4.5 хэм нэмэгдэхээр байгаа. Дэлхийн агаарын хэм 2030 онд 1.5-аар нэмэгдэхээр төлөвтэй байна. 

Монгол орны усны нөөцийн 98 хувь нь гадаргын, хоёр хувь нь гүний ус эзэлдэг. Гэтэл гадаргын усны 60 хувь нь гадагш урсацтай. Тиймээс гадагш урсацтай гол мөрнүүдийг хэрхэн эх орныхоо нутаг дэвсгэрт урт зам туулуулж ашиглах вэ гэдэг талаас нь тооцоо судалгаа хийсэн.

Тухайлбал, Улаанбаатар хотыг тойроод 18 хөв цөөрөм байгуулах боломжтой. Үүний тооцоо судалгаа, ТЭЗҮ-ийг хийхэд нэг сая ам.доллар шаардлагатай байгаа. Энэ хөрөнгийг улсын төсөвт тусгах боломжгүй учир Азийн Хөгжлийн Банк, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банктай уг асуудлыг яриад явж байна.

Сэлбэ голыг түшиглэсэн усан сан байгуулах асуудлыг бид хөндөж байгаа ч тухайн газар оршин суух иргэдийн эсэргүүцэл бий болоод байна. Хөв цөөрөм байгуулах, голын усыг татах нь нэг талдаа хөрөнгө оруулалт нөгөөтээгүүр хамгааллын асуудал яригддаг.