ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр хувиараа такси үйлчилгээ эрхэлж байгаа иргэд анхаарал болгоомжтой, сэрэмжтэй байхыг зөвлөөд энэ долоо хоногт гарсан гэмт хэргийн талаар мэдээлэв.
"Энэ оны гуравдугаар сарын 28-ны 14:40 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хүний амь нас хохироож, таксины жолоочид халдсан этгээдийн үйлдлийг цагдаагийн алба хаагчид шуурхай зогсоосон.
Иргэн Г дүү Б-гийн хамт такси үйлчилгээнд явж байх үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хүргүүлэхээр үйлчлүүлсэн 45 настай, эрэгтэй Б гэгч нь жолоочийн хамт явж байсан 25 настай иргэнийг хүйтэн мэсээр зүсэж амь насыг нь хохироогоод таксины жолоочийн амь насанд халдахаар хөөж байх үед цагдаагийн байгууллагын алба хаагчид таслан зогсоож, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Тухайн этгээдийг цагдан хорьсон бөгөөд гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогдсон. Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэсэн мэдээллийг өглөө.