Алс Умард туйлын бүсэд оршдог ОХУ-ын Бүгд Найрамдах Коми Улсын нүүрсний уурхайн Воркута хотын дарга Украины дайнд явах шийдвэрээ өчигдөр зарлажээ.
70,000 орчим оршин суугчтай Воркута нь умард туйлын бүслүүрийн хойд талд оршдог дэлхийн дөрөв дэх том хот юм. Өвөлдөө Цельсийн -52 хэм хүрдэг Воркута нь Европын хамгийн хүйтэн хот. Зөвлөлтийн үед энд Гулаг гэгддэг алдарт хөдөлмөрийн хорих газар байрладаг байжээ.
“Цэргийн бэлтгэл хүчний бие бүрэлдэхүүнийхээ хувьд цэргийн тусгай ажиллагаанд оролцож, тэнд байлдаж буй залуустаа туслах цаг нь болсон гэж би бодож байна” гэж Воркута хотын захирагч, 44 настай Ярослав Шапошников өчигдөр болсон олон нийтийн арга хэмжээний үеэр хэлсэн байна.
Тэрбээр хотын захиргааны өөр таван албан хаагчтай цуг фронтод явах болсноо энэ үеэр мэдэгджээ.
Гэхдээ сүүлд хотын захиргаа дээр дурдсан албан хаагчид “шийдвэрээсээ буцах” боломжтойг нэмж тайлбарласан байна.
Шапошников тавдугаар сард Украины фронтод очоод нэг жилийн хугацаатай алба хаахаар болжээ. Энэ хугацаанд Воркута хотыг түүний нэг орлогч удирдах юм байна.
Шапошников өнгөрсөн оны аравдугаар сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа цэрэгт дайчлагдаж буй орос эрчүүдийн 10 хувь нь “эхнэрийнхээ үглэлтээс зугтах зорилготой” гэж хэлээд олны анхаарлын төвд орж байжээ.
“Хүүхнүүд минь, нөхрөө халамжилж байгаарай. Үглэж яншдагаас чинь болоод тэд гэр орноо орхин Украины фронт руу явахыг илүүд үзэж байгаа шүү” гэж тэр тухайн үед ярьж байсан юм.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!