Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Халиун: Капитрон банк хүний нөөцийн бодлогын хувьд эрх тэгш байдлыг эрхэмлэдэг

ikon.mn
2023 оны 3 сарын 29
Сурталчилгаа
Зураг зураг

“Технологи хөгжиж хүний оролцоо хөдөлмөрийн зах зээлд багасах талаарх таамаглалыг шинжээчид танилцуулдаг ч хүн бол чухал капитал хэвээрээ байх болно” гэж Капитрон банкны Байгууллагын хөгжил, хүний нөөцийн газрын захирал Ч.Халиун ярив.

Тэрбээр, үүнийгээ хүн хоорондын нандин харилцаа, зөвхөн хүний бүтээж чадах ховор ур чадвар, мэдрэмжтэй холбон тайлбарласан юм. Тэр ч утгаараа хүмүүсийг удирдан ажиллуулах, хүний харилцааг зохицуулах нь том чадварт үнэлэгдээд байгаа төдийгүй хүний нөөцийн бодлого дэлхий дахинд хувьсан өөрчлөгдөж байгаа талаар тэрбээр нэмж ярьсан юм. Капитрон банкны хүний нөөцийн бодлогын талаар түүнтэй ярилцсанаа хүргэе.

- Хоёулаа шууд гол асуултаасаа яриагаа эхэлье. Капитрон банкны хүний нөөцийн бодлого, стратегийн онцлог юу вэ?

- Капитрон банк орчин үеийн хүний нөөцийн бодлогыг баримталдаг. Ингэхдээ банкны стратегийн үндсэн зорилт, үнэт зүйлтэйгээ хүний нөөцийн бодлогоо уялдуулан ажиллаж байна. Хүний нөөцийн бодлогын хувьд бид хамгийн чухал нь эрх тэгш байдлыг эрхэмлэдэг. Банкныхаа стратегийг хэрэгжүүлэхийн тулд хүмүүсийнхээ ур чадварыг шударгаар үнэлсэн, ажилтан руугаа чиглэсэн бодлого барьдаг. Өөрөөр хэлбэл, ил тод, нээлттэй харилцаатай байж ажилтнаа дадлагажуулж,  ажилтны оролцоог дэмжиж, ёс зүйн хэм хэмжээг төлөвшүүлж, шударга үнэлдэг байх зарчмыг баримталдаг гэсэн үг. Ялгаварлан гадуурхахгүй, эрх тэгш, ажлын байран дээр зүй бус хандлагыг таслан зогсоох, аливаа дарамт хүчирхийлэл, жендэрийн тэгш бус байдлаас ангид, урамшуулал, бонусын тогтолцоо шударга бай гэдэг зарчим баримталдаг.

 - Хөдөлмөрийн зах зээлд залуу үеийнхэн зонхилж байна. Капитрон банкны тухайд ч залуу боловсон хүчин ихтэй. Тэгэхээр үе хоорондын ялгааг хүний нөөцийн бодлогоороо яаж зохицуулж байна вэ. Шинэ үеийнхэнд зориулсан ажлын ямар төлөвийг нэвтрүүлж байна вэ?

- Үе хоорондын ялгаа бол дэлхий дахинд болон манай улсад ч яригдаж байна. Энэ нь үеийн үед байсан зүйл. Одоо л идэвхтэй яригдаж байгаа болохоос. Үе хоорондын ялгаа үүрд байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Одоо бол Z үеийнхэн хөдөлмөрийн зах зээлд гарч ирээд байна. Тэрний өмнө Y, миллениал үеийнхэн байсан. Z үеийн араас альфа үеийнхэн гээд тааварлахын аргагүй хүмүүс бэлтгэгдэж байна.

Ингээд харвал үе хоорондын ялгаа  дуусахгүй. Харин энэ үе хоорондын ялгааг зохицуулах хүчин зүйл байх хэрэгтэй. Манай улсын нийгэм нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, нэг нам нь зангидаад удирддаг байсан. Тэр үед амьдардаг байсан үеийнхэн бол нийгмийнхээ тийм байдалд дасан зохицсон. Миллениал үеийнхэн болохоор социализм болон зах зээлийн нийгмийн аль алинд нь амьдарч байгаа хүмүүс. Z үеийнхэн бол дижитал хүмүүс. Тэдний онцлог бол бидний нүдний өмнө ил байна. Тэгэхээр тус тусын нийгмийн ийм онцлогтой үеийнхний харилцааг байгууллага хүний нөөцийн бодлогоор шийднэ. Бусдаар ямар нэгэн журам гаргаад энэ асуудлыг шийдэх боломжгүй. Харин энэ бодлого нь үйлдэл болно.

Эхлээд Z үеийнхний онцлогийг судлах ёстой. Тэд менторлуулах, өөрсдийнхөө оролцоог илэрхийлэх, байгууллагад оруулсан хувь нэмрээ бодитоор үнэлүүлэх, мэдрэх дуртай байдаг. Тэдний энэ онцлогийг байгууллагын хүний нөөц соргогоор мэдэж байх ёстой. Нөгөө талаас хүний нөөцийн ажилтнууд өөрсдөө аль ч үеийнхэн ч шиг сэтгэж, тэднийг мэдэрдэг байх нь чухал. Манай банк бол хүний нөөцийн бодлогодоо эдгээрийг тусгаж баримталдаг. Жишээлбэл, бид ажлын уян хатан цагийн бодлого баримталдаг. Өглөө 07.30-09.30 цагт ажилдаа ирэх боломжтой. Шаардлагатай бол онлайнаар гэрээсээ ажилладаг.

- Уян хатан ажлын цагийн бодлого баримталдаг гэдгийг тодотгомоор санагдлаа. Энэ нь байгууллага хийгээд ажилтнуудад ямар давуу тал бий болгож байгаа вэ?

- Бид уян хатан цагийн нөхцөлд шилжээд удаж байна. Бусад байгууллагын тухайд ч цар тахлаас хойш энэ цагийн нөхцөлийг илүү их нэвтрүүлсэн байх. Уян хатан цагийн нөхцөл ажилтанд олон давуу талтай. Үүнээс хамгийн их эерэг нөлөө үзүүлж байгаа нь хүүхэдтэй ажилтнуудын нийгмийн асуудал юм. Манай улсад цэцэрлэг, сургууль орох цаг ихэнх байгууллагын ажлын цаг давхацдаг. Энэ нь эцэг, эхчүүдэд хүндрэлтэй байдал үүсгэдэг. Заавал нэг нь ажлаас гарч хүүхдээ зөөх, эсвэл ажлаасаа хоцрох зэрэг хүндрэл үүсдэг. Дээр нь бүх ажил, сургууль, хичээл нэг цагт эхэлснээр түгжрэл үүсэх шалтгаан болдог.

Тэгэхээр энэ уян хатан цагийн нөхцөл эцэг, эхчүүдийн энэ асуудлыг шийдэж байна. Өглөөгүүр сургалтад хамрагдах, өглөөний уулзалт, өглөөний эвентэд оролцох, оройд эрт тарж, иога, фитнест явахаас эхлээд, орой сургалт, оройн ангид магистр, докторт ажилтнууд суралцах зэрэг хөгжих цаг гаргаж байна.

Мөн уян хатан цагийн нөхцөлтэй уялдуулаад ажилтнууддаа чиглэсэн дотоод ажлууд хийдгийн нэг нь “My Capitron” хөтөлбөр юм.

Энэ хүрээнд бид өмнө нь хэрэгжүүлж байсан ажлуудаа сэргээх, шинээр санаачилгуудыг нэмэх зэргээр хөтөлбөрөө өргөжүүлж байна.

Жишээлбэл, магистрын тэтгэлэгт хөтөлбөр, орон сууц, цалингийн зээлийн нөхцөлүүдээ өмнөхөөсөө хөнгөлж илүү таатай нөхцөлөөр ажилтнуудаа хамруулж байгаа. Энэ жилээс бид аав, ээжүүдийн клуб байгуулна. Монголд хүүхэд төрүүлж, өсгөх ямар хэцүү билээ дээ. Тиймээс байгууллагын зүгээс ажилтнууддаа дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ клубийг байгуулна. Мөн залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан эвэнтүүд хийдэг. Залуусын дунд “Quiz night” арга хэмжээг дурдаж болно. Энэ нь дурсамж бүтээж, бүтээмж бий болгох зорилготой. Мөн залуусын дунд “Соёлын соронз” клуб байгуулсан. Клуб 10 гаруй гишүүнтэй. Банкны хэмжээнд олон нийтийн үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг.  Залуус маань ажилтнуудынхаа соёлыг сайжруулах гэх мэт дотооддоо сайн дурын ажлуудыг хийдэг. Сүүлд номын клуб нээсэн. Энэ мэт сонирхлын клубүүд бий. Энэ жил манай байгууллагын хувьд ажилтнуудынхаа ая тухтай байдалд чиглэсэн ажлуудад илүү төвлөрнө.

- Ажилтнууд болон удирдлагууд, хамт олон хоорондоо чөлөөтэй харьцах шугам бий болгосон гэж та хэллээ. Үүнийг тодруулахгүй юү?

- Ажилтнуудын зүгээс ирүүлсэн санал, шүүмжийг хүлээн авах олон суваг байна. Аливаа байгууллагад ямар нэгэн ёс зүйн зөрчил байх ёсгүй. Тэр тусмаа манай байгууллага хүмүүсийн санхүүтэй харьцдаг учраас эргээд бидэнд буух хариуцлага нь ч тэр хэрээр өндөр байдаг. Тэгэхээр бид дотроо маш ёс зүйтэй байх хэрэгтэй. Ёс зүйг бий болгохын тулд ил тод нээлттэй байх нь чухал. Тэгэхээр манайх ажилтны санал хүсэлт, шүүмж, гомдлыг шууд болон нэрээ нууцалсан хэлбэрээр хүлээж авдаг. Үүнээс гадна бүтээгдэхүүн хөгжүүлэлттэй холбоотой санааг ч мөн адил ажилтнуудаасаа нээлттэйгээр авдаг. Товчхондоо бол эдгээр асуудалд ардчилсан байдлаар ханддаг гэсэн үг.

- Капитрон банк Workplace платформыг дотооддоо ашигладаг. Энэ нь ямар ач холбогдолтой вэ?

-“Фэйсбүүк”-ийн толгой компани болох “Мета”-гийн өндөр нууцлал бүхий платформ “Worlplace”-ийг Монголын аж ахуйн нэгжүүдээс анхлан албан ёсны лицензтэйгээр авч нэвтрүүлсэн. Энэ хэрээр дотоод харилцаа холбоо хурдан болж, зайнаас ажиллахад ч давуу талтай болсон. Олон улсын жишигт нийцсэн дотоод сүлжээ нь албан ёсны лицензтэй учраас нууцлал хийгээд Нэгдсэн мэдээллийн сан нь ч илүү цогц болсон. Мөн Workplace хэрэглэснээр “Фэйсбүүк” шиг хувийн болон ажлын мэдээллээ холихгүй байхаараа онцлог.

- Капитрон банк хүний нөөцөө бүрдүүлэхдээ шинэ боловсон хүчнийг яаж дэмждэг вэ?

- Манай банк их, дээд сургуулиудтай хамтран ажиллаж, шинэ боловсон хүчнийг дэмждэг. Магадлан итгэмжлэгдсэн томоохон их, дээд сургуулиудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. МУИС, ШУТИС, Мандах зэрэг банкны салбарын сайн боловсон хүчин бэлтгэж байгаа их сургуулиуд гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн жилээс эхлэн оюутнуудын дунд Summer Internship Program хөтөлбөр зарласан. Нэг сая төгрөгийн цалинтай гурван сарын хөтөлбөртөө банк санхүү, мэдээлэл технологийн чиглэлээр суралцдаг ахлах ангийн оюутнуудыг хамруулсан. Оюутнуудад ч, банканд ч үр дүнтэй хөтөлбөр болсон гэж бодож байна. Энэ жил илүү олон оюутан хамруулахаар бэлтгэл ажлаа эхлүүлээд явж байна. 

Мөн цагийн ажилтны хөтөлбөр эхлүүлж байна.

Манай банкан дээр оюутнууд хагас цагаар ажиллах боломжтой. Оюутнууд манай банкан дээр дадлага хийх нь нээлттэй.

Мөн оюутнуудыг дэмжих зорилгоор эрдэм шинжилгээний хурал, олимпиад зэрэгт хамтран ажиллаж, дэмжиж оролцдог. Сарын өмнө Капитрон банк  CFA институтээс санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр сурч буй их, дээд сургуулийн бакалавр, магистрын түвшний оюутнуудын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулдаг CFA INSTITUTE RESEARCH CHALLENGE 2023 тэмцээнд ерөнхий ивээн тэтгэгчээр дэмжиж ажиллаад эхний байранд орсон 10 оюутанд банканд ажиллах санал тавьсан. Энэ мэт хөдөлмөрийн зах зээл шинээр гарч ирж байгаа залууст зориулсан ажлуудыг хийж байна.

- Ажилтнуудаа дэмжих дотоодын ямар сургалт, хөтөлбөр байдаг вэ?

- Ажилтнууддаа зориулсан сургалтыг өдөр бүр хийж байгаа. Сургалт бол аливаа байгууллагын ажилтнуудын номер нэг хэрэгцээ. Ажилтнуудынхаа дотоод хийгээд гадаад мэргэжлийн болон бусад чиглэлийн сургалтад бид төсөв ч сайн тусгадаг. Мөн ажилтнууд дундаа тусгай сигмэнтээр хөтөлбөр хэрэгжүүлэх нь ч бий. Тухайлбал, жендэрийн бодлогынхоо дагуу саяхан эмэгтэй ажилтнууд руу чиглэсэн ментор хөтөлбөр зарласан. Манай байгууллагад эмэгтэй ажилтан давамгайлдаг. Энэ жилээс бид “Well being” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлж байгаагаас ажилтнуудынхаа сэтгэл зүйн эрүүл мэнд рүү чиглэсэн ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Сэтгэл зүйн асуудал бол сүүлийн жилүүдэд цар тахлаас болоод нийгмийн асуудал болоод байгаа. Ажлын байран дахь стрессийг бууруулахад чиглэсэн санаачилгууд гаргана.

- Капитрон банканд ажиллахын давуу талыг хэлээч гэвэл та юу гэж хариулах вэ?

- Манай банк ажилтнууддаа олон боломж давуу талыг олгохыг зорьдог. Орон сууцны, цалингийн хөнгөлөлттэй зээлийн нөхцөл ажилтнуудад санал болгохоос гадна амьдралд тохиолдох баяр гунигтай гэнэтийн асуудалд зориулсан бүх төрлийн тэтгэмж  урамшууллын тогтолцоо бий. Мэдээж гүйцэтгэлийн үнэлгээний дагуу тогтмол хугацаанд олгодог урамшууллын тогтолцоог дурдах хэрэгтэй байх. Ажилтнуудаа эрүүл мэндийн багцад хамруулах, шилдэг ажилтнуудаа аялуулах гэх мэт дэд бүтцэд чиглэсэн олон төрлийн дэмжлэгүүд бий. Банкны ажлын онцлог нь нэлээн суудаг, нухдаг, төвлөрдөг. Тэгэхээр ажилтнуудын эрүүл мэнд, амьдралын хэв маягийг сайжруулахад чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр зорьдог.

Хамгийн сүүлд гэвэл ажилтнуудынхаа үндсэн цалинг 33 хувь хүртэл нэмэгдүүллээ. Энэ нь нэлээн өндөр хувь. Капитрон банк бол Монголын шилдэг 100 аж ахуйн нэгжийн 36 дахь компани төдийгүй санхүүгийн салбарын Монголын урдаа барих том байгууллага. Тэгэхээр Капитрон банкны ажилтан өрсөлдөхүйц хэмжээний цалинтай байх ёстой. Мөн энэ жилээс салбарын ажилтнууд маань гүйцэтгэлд суурилсан нэмэгдэл цалин авч эхэлж байгаа. Тодруулбал салбар тооцооны төвд ажилладаг бүх борлуулалтын ажилтан гүйцэтгэлд суурилсан үнэлгээний дагуу сар бүр үндсэн цалин дээрээ нэмэгдэл цалин авах эрхтэй болж байгаа юм. Теллерээс эхлээд Захирал хүртэл бүх ажилтан нэмэгдэл цалингийн системд хамрагдах боломжийг Капитрон банк анх удаа санаачлан хэрэгжүүлж байгааг онцлох нь зүйтэй байх.

Эдгээр хөнгөлөлт хангамж, боломжийг олгож байгаа нь сэтгэл хангалуун ажилтнаас сайн үр дүн хүлээдэг энгийн зарчим шүү дээ. Ажилтан ажлын орчиндоо, гүйцэтгэлдээ сэтгэл хангалуун байвал тухайн ажилтны хувь нэмэр, үр өгөөж төдий чинээ бодит байх болно гэж бодож байна.   

Эцэст нь, Капитрон бол эрүүл орчин, нээлттэй, ил тод, шударга, зөв хандлагатай, залуу удирдлагын багтай хамт олон гэдгийг дахин тодотгож хэлмээр байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.