Монгол Улсын гавьяат тээвэрчин Д.Жигжиднямаа агсны нэрэмжит “Хүүхдийн төмөр зам” сургалтын төв нь ирэх сарын 3-ны өдрөөс эхлэн лхагваас ням гарагт тогтмол 11:00-18:00 цаг хүртэл ажиллахаар болжээ.
Ингэхдээ цаг тутам галт тэрэг аялуулж байхаар төлөвлөн бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн байна.
“Хүүхдийн төмөр зам” нь 750 мм-ийн царигтай, зэхэлт, засвар үйлчилгээ хийх депо, өртөө, автомат хаалт дохиолол бүхий явган хүний 6, автомашины нэг гарам, дохиолол холбооны иж бүрэн тоноглол, эрчим хүчний хангамжтай, 2.3 км урттай иж бүрэн төмөр зам юм.
Нээлтээ хийснээс нь хойш тус төмөр замаар дан ганц хүүхэд багачууд гэлтгүй насанд хүрэгчид ч олноор үйлчлүүлдэг болжээ.
Тус хамт олны зүгээс үйлчлүүлэгчдэдээ зориулан дараах үйлчилгээг санал болгож байна. Үүнд: байгууллага, хамт олон, найз нөхөд, хувь хүмүүсийн захиалгаар галт тэрэгний аялал зохион байгуулахаас гадна сургалт, хурал зөвлөгөөн, төрсөн өдөр, баяр ёслол зэрэг бүхий л төрлийн арга хэмжээг өөрийн байранд зохион байгуулах боломжтой хэмээн "УБТЗ" ХНН-ээс мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!