Гаалийн Ерөнхий Газраас энэ оны эхний гурван сард илэрсэн зөрчлүүдийг мэдээллээ.
2023 оны эхний гурван сард 427 зөрчил илрүүлжээ. Үүнээс зөрчлийн хэрэг бүртгэлтэй 7, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй дөрвөн зөрчлийг холбогдох байгууллагад шилжүүлсэн байна. Зөрчлийн улмаас 380 сая төгрөгийн торгууль, 750 сая төгрөгийн нөхөн татвар ногдуулжээ.
Энэ талаар ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх аюулгүй байдлын газрын дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга Л.Очгэрэл "2023 оны гуравдугаар сарын 24, 25-нд гурван тээврийн хэрэгслээр чулуу, адууны өлөн Монгол Улсын хилээр нэвтэрсэн. Энэ талаар Хятадын гаалийн цагдаагийн байгууллагаас холбогдох мэдээллийг авлаа. Уг мэдээллээр, Монгол Улсын иргэн Бат-Эрдэнэ гэдэг жолоочийн машины эд ангид нуувч болгон ашигласан 314.9 килограмм хатаасан өлөн ил болсон байна. Чулуун гэгч жолоочийн машинаас 320 килограмм говийн чулуу, Галхүү гэх жолоочийн машинаас 51.2 килограмм чулуу илэрсэн байна. Эдгээр үйлдэлд Замын-Үүд дэх гаалийн газрын хяналт шалгалт хэрхэн хийгдсэн талаар дотоод хяналт шалгалтын ажил эхэлсэн.
Замын-Үүд дэх гаалийн газарт ажлын хэсгийн шалгалт хийгдсэн. Он гарснаас хойш уг гаалийн газарт илэрсэн 108 зөрчлөөс 56 зөрчилд хууль бус үйлдэл тогтоогдсоныг шалган 14 зуучийн компани, 25 бүртгэгдсэн мэргэжилтэн, 27 гаалийн улсын байцаагчид холбогдох зөрчилд дотоодын хяналт, шалгалт хийж, сахилгын арга хэмжээ авах ажил явагдаж байна" гэсэн мэдээллийг өглөө.
Зөрчил Монгол Улсын гаалиар гарсны дараа илэрч байгаа тухайд "Эрээн боомтод илэрсэн нөхцөл нь машины дугуйн дотор, машины рамд тоноглон хийж чулууг гаргасан байна. Үүнийг Эрээний тал рентген тоног төхөөрөмжөөр илрүүлсэн байсан. Манай улсад том ачааны машин шалгах боомтын цогцолбор дуусаагүй, зорчигчийнх ашиглалтад орсон.
Гэхдээ тухайн нөхцөл байдалд томилогдсон байцаагч машины эд ангийг үзэж, шалгах үүрэгтэй. Ажлаа хийсэн үгүй нь дотоод хяналт шалгалтаар тогтоогдоно" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!