Кофе бол хүн төрөлхтний хамгийн түгээмэл хэрэглэдэг ундаануудын нэг бөгөөд сайн, муу нөлөөнийх нь талаар янз бүрийн мэдээлэл байдаг.
Өнгөрсөн долоо хоногт “The New England Journal of Medicine” сэтгүүлд кофены хэрэглээний хүнд үзүүлэх нөлөөний талаар жижиг хэмжээний туршилтын үр дүн нийтлэгджээ.
АНУ-ын Сан-Франциско хотын Калифорнийн их сургуулийн анагаах ухааны профессор Грегори Маркус уг туршилтыг удирдсан байна.
Түүний баг Сан-Франциско орчмоос эрүүл саруул биетэй 100 насанд хүрэгчийг сонгон туршилтдаа хамруулжээ. Тэдний дундаж нас 39.
Хоёр долоо хоног үргэлжилсэн туршилтын үеэр оролцогчдын алхалтын тоо, цусны сахар, зүрхний хэмнэлийг хэмжих зорилгоор Fitbit ухаалаг төхөөрөмж зүүлгэжээ.
Ингээд тэдэнд хоёр өдөр хүссэн хэмжээгээрээ кофе уух, дараа нь хоёр өдөр завсарлах даалгавар өгсөн байна. Энэ давтамж хоёр долоо хоногийн турш үргэлжилжээ.
Ингэхэд кофе уусан өдрөө хүмүүс уугаагүй өдрөөсөө дунджаар 1,058-аар илүү алхсан байна.
Харин унтсан хугацаа нь дунджаар 36 минутаар богиноссон байжээ.
Уух кофены хэмжээ нэмэгдэх тусам алхалтын тоо нэмэгдэж, нойрсох хугацаа буурч байсан байна.
Үүнээс гадна кофе зүрхний ажиллагаанд мэдэгдэхүйц нөлөөлдөг нь энэ туршилтаас харагджээ.
Тухайлбал PVC (Premature Venticular Contractions) гэдэг үзэгдэл нэмэгддэг нь тогтоогдсон байна. Энэ бол зүрхний доод хоёр тасалгааны нэгнээс үүсдэг нэмэлт цохилт бөгөөд хүнд заримдаа зүрх хүчтэй дэлсэх, заримдаа цохилт алгассан мэт мэдрэмж төрүүлдэг гэнэ.
Туршилтаар өдөрт нэгээс дээш аяга кофе уухад PVC үзэгдэл 50 хувиар нэмэгдэж байжээ.
Тиймээс зүрхний хэм алдагдах асуудалтай хүмүүс кофе уухдаа болгоомжтой байхыг судлаачид зөвлөсөн байна.
“PVC тохиолдол нэмэгдэхийн хэрээр зүрхний ажиллагаа мууддаг гэсэн ойлголт байдаг. Тиймээс зүрхний ийм эрсдэлтэй хүмүүс кофеноос татгалзах нь дээр байж магадгүй юм” гэж профессор Маркус ярьжээ.
Тэрбээр туршилтынхаа дүнг нэгтгэж хэлэхдээ “Кофе ууснаар ямар ч аюултай үр дагавар гарахгүй гэдэгт хүмүүс итгэлтэй байж болно” гээд харин хувь хүн бүр өөрийн эрүүл мэнд, биеийн онцлогтоо тохируулж хэрэглэх нь чухал болохыг зөвлөсөн байна.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
|