Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Сандагсүрэн: Даацын ханыг нураах нь хүний амьд байх эрхэд шууд халдсан үйлдэл

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 3 сарын 22
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх “Стратегийн команд штабын сургууль”-ийг зохион байгуулах талаарх ажлын мэдээллийн үеэр өчигдөр болсон "Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт" зөвлөгөөнөөс гарсан зарим шийдвэрүүдийн талаар танилцууллаа.

"Наймаас дээш баллд тэсвэртэй гэж баригдсан ч алдаатай барилга байвал яаралтай засна"

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Нийслэлийн хэмжээнд баригдсан байгаа нийт 30,000 барилгын 10,000 нь 2002 оноос өмнө баригдсан. Эдгээр барилга дээр богино хугацаанд дахин төлөвлөлийн болон хүчитгэх ажлыг явуулах ёстой. Түүнчлэн 2002 оноос хойш баригдсан барилгууд дээр алдаа, завхрал гарсан асуудлууд байвал тэдгээрийг тогтоож арилгах ёстой гэдгийг өчигдрийн зөвлөгөөнөөр шийдвэрлэлээ. Эдгээр ажил ээлж дараатайгаар зохион байгуулагдана.

Барилгуудыг барилгын тухай хууль болон бусад норм стандартын дагуу мэргэжлийн бүх байгууллага, хяналт тавих бүх түвшний хүмүүс хяналт тавиад наймаас дээш баллд тэсвэртэй гэж үзээд хүлээж авдаг. Гэтэл Турк улсын жишээнээс харахад ингэж тодорхойлсон барилгууд нь ч нурсан тохиолдол гарсан.

Тиймээс бид ийм алдаа, завхрал гарсан бол түүнийг яаралтай засах хариуцах хүмүүст нь хариуцлага тооцох ажлуудыг өчигдрийн зөвлөгөөнөөр маш тодорхой ярьж шийдвэрлэлээ” гэсэн юм.

"Угсармал барилгын ханыг огт буулгаж болохгүй заалттай байдаг"

Үргэлжлүүлэн тэрбээр даацын ханын талаарх асуудлаар “Ямар ч зөвшөөрөлгүйгээр даацын хананд нөлөөлсөн бол энэ нь тэр барилгад амьдарч байгаа иргэдийн амьд байх эрхэд шууд халдсан үйлдэл.

2016 оноос хойш үүнийг бүтэн хориглочихсон байхад түүнээс хойш 1000 гаруй газар ийм байдлаар өөрчлөлт хийгээд үйл ажиллагаа явуулж байгаа нь хуулиа хэрэгжүүлэхгүй байгааг харуулж байна.

Угсармал барилгын ханыг огт буулгаж болохгүй заалттай байдаг ч бүгд өөрчилчихсөн байгаа нь мэдсээр байж хуулиа зөрчиж хэрэгжүүлэхгүй байгаагийн илрэл юм” гэлээ.