Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ), Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ), Нийслэлийн засаг даргын тамгын газар (НЗДТГ) хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх “Стратегийн команд штабын сургууль”-ийг зохион байгуулах талаараа мэдээлэл өглөө.
Энэхүү үндэсний хэмжээний томоохон дадлага сургуулийн бодлогын хүрээнд зургаан дүүрэгтээ дадлага сургууль хийж Сонгинохайрхан дүүрэг болон Баянзүрх дүүрэгт байгаа хээрийн эмнэлгийг дэлгэж, тэнд ажиллах эмч ажилтнуудыг сургаж бэлтгэх, мэргэжлийн байгууллагууд хоорондоо ажлаа уялдуулахтай холбоотой дадлага сургуулийг хийнэ гэдгийг ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр хэлсэн юм.
Үргэлжлүүлэн тэрбээр "Байгалийн давагдашгүй хүчин зүйл өвлийн цагт тохиолдвол эрчим хүчний асуудлаас эхлээд бэлэн байж чадах уу" хэмээх сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Стратегийн команд штабын сургууль” зохион байгуулахтай холбоотой бодлогоо шадар сайд болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар батлуулчихсан. Энэ бодлогын хүрээнд энэ асуудлыг авч хэлэлцэнэ. Тэр тусмаа нэгдүгээр сард аюул тохиолдсон үед яаж хариу арга хэмжээ авч зохион байгуулах, цахилгаан хангамж тасарсан тохиолдолд хаанаас хангамжаа авах, ямар нөөц, арга зам байгаа талаар мөн энэ асуудлыг хариуцаж байгаа яам агентлаг нь ямар ажлуудыг хийх, байж болох хувилбаруудыг хөндөж ярина.
Гамшиг тохиолдсон үед урт хугацааны бэрхшээл, саад тотгор, уй гашуу, сэтгэл санааны болоод бие махбодод үүсэх хор хохирлыг гэтлэн, давах үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бидний өмнө тулгарна. Тиймээс энэ агуулгыг бодож энэ сургалтыг зохион байгуулах гэж байна” гэлээ.
Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн "Хэдий их дэд бүтэц болон бүтээн байгуулалт их өрнөсөн газар илүү их газар хөдлөлтийн гамшгаас үүдэх хор холбогдол нь нэмэгдэж байдаг.
Улаанбаатар хотод Монгол Улсын эдийн засаг, нийгэм, соёлын бүх үйл ажиллагааны 60-90 хувь нь төвлөрч байдаг. Энэ нь газар хөдлөлтөөс учрах гамшгийн хохирлыг мөн энэ хэмжээгээр нэмэгдүүлэх өндөр магадлалтай. Тиймээс ийм эрсдэлтэй бүсэд ажиллаж амьдарч байгаа бид болзошгүй аюул тохиолдсон үед хамгийн хохирол багатайгаар даван туулах дадлага сургуулийг эзэмшсэн байх шаардлагатай байна” гэлээ.
Үргэлжлүүлэн тэрбээр энэ удаагийн “Стратегийн команд штабын сургууль” илүү өргөн хүрээний бөгөөд стратегийн шинж чанартайгаар зохион байгуулагдана гэдгийг онцлоод “Нийслэлийн хэмжээнд есөн ажлын хэсэг гарч дүүргүүдээр сургалт, судалгааны ажлуудаа эхлүүлээд явж байна.
Сургалтад нийслэлийн бүх төрийн болон төрийн бус байгууллага, иргэд оролцож бэлтгэл сургуулалтыг хангах зайлшгүй шаардлага байна.
Гамшгаас урьдчилан сэргийлэх бэлтгэл их хийх тусам хохирол багатай туулна. Турк, Сирид болсон газар хөдлөлтөөс бид суралцаж иргэдээ илүү их дадлагажуулах, тэр тусмаа үүнд үүрэг хүлээсэн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд энэ дадлага сургалтад идэвхтэй оролцож бэлтгэлийг сайтар хангахыг анхааруулж сануулах юм” гэлээ.
ОБЕГ-аас иргэн хүний аюулгүй байдлыг хангахтай холбоотой газар хөдлөлтийн үед ямар заавар зөвлөмжүүдийг дагаж мөрдөх, хэрхэн хамтарч ажиллах, ямар дэмжлэг үзүүлэхтэй холбоотой сургалт, мэдээлэл, сурталчилгааны ажлуудыг өргөн хүрээтэй зохион байгуулах тул ард иргэдийг идэвхтэй оролцохыг албаныхан уриалсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!