Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын төрийн тэргүүн ирэх долоо хоногт ОХУ-д айлчилна

Т.Давааням, ikon.mn
2023 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин ирэх долоо хоногт ОХУ-ын нийслэл Москва хотод айлчилж, тус улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар болжээ.

Тэднийг хоёр улсын “иж бүрэн түншлэл, стратегийн хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэхийг Кремлийн ордноос мэдэгдсэн байна.

Бээжингийн эрх баригчид нэг сар орчмын өмнө Украинд энх тайван байдал тогтоох санал гаргаж байсан. Мөн Өрнөдийн орнууд Орос улсад зэр зэвсэг нийлүүлбэл ноцтой үр дагавар амсахыг Хятадын талд анхааруулж байгаа.

Ши Жиньпин, Владимир Путин нар Даваа гарагт хамт зоог барьж, Мягмар гарагт хэлэлцээ хийх юм байна.

Талууд олон туйлт дэлхий ертөнцийг бий болгох хүсэл сонирхол дээр нэгддэг. Өнгөрсөн онд тэд Бээжин хотод уулзахдаа түншлэл, хамтын ажиллагаанд нь хил хязгаар байхгүйг тунхаглан зарлаж байв.

Одоогоор Хятадын эрх баригчид олон улсын хориг, шахалтад орсон Оросын худалдааны гол түнш болоод байгаа ч зэр зэвсэг хараахан нийлүүлээгүй байна.

Хятадын эдийн засгийн 10 хувьтай тэнцэх хэмжээтэй Орос улстай хэт ойртож, бүхнээ золиослох эрсдэлтэй тул Бээжингийн эрх баригчид Украинд явуулж буй дайныг нь илт дэмжиж чадахгүй, төвийг сахисан байр суурь илэрхийлж байгаа гэж ажиглагчид үздэг.

Даваа гарагт АНУ-ын цэрэг Иракт довтолсны 20 жилийн ойн өдөр тохиох юм. Энэ өдрийг давхцуулан Ши Жиньпиний айлчлал эхэлж байгаа нь тохиолдлын хэрэг биш гэж ажиглагчид үзэж байна.

Москвад айлчилсныхаа дараа Хятадын төрийн тэргүүн Украины ерөнхийлөгчтэй утсаар ярихаар төлөвлөж буй гэсэн мэдээлэл өнгөрсөн сард АНУ-ын зарим нэг хэвлэлээр цацагдсан юм.

 

Эх сурвалж: BBC