Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Алтай групп ХХК зээлээрээ тэжээлийн үйлдвэр барьсан. Төсөл зогсоод 2016 онд хадсан өвс, тэжээл харлачихсан "хэвтэж" байгаа"

Э.Намуунцэцэг, iKon.mn
2023 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Хөгжлийн Банкны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд "Алтай групп" ХХК-ийн ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнэ ирэх боломжгүй хэмээн өөрийг нь төлөөлөх С.Дамбасанжааг сонсголд оролцуулахаар болсон. 

"Алтай групп" ХХК хоногт 100 тонн улаанбуудай боловсруулах хүчин чадал бүхий гурилын үйлдвэр байгуулах төсөлд Аж үйлдвэрийн яамнаас 2016 онд 30 тэрбум төгрөгийг дамжуулан зээлсэн гэдгийг шинжээч хэлсэн.

Үүнтэй холбогдуулан түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гэрчээр дуудагдсан С.Дамбасанжаагаас асуулт асуув. 

-30 тэрбум төгрөгийг гурилын үйлдвэрийн төсөлд авсан уу?

-Гурил, тэжээлийн үйлдвэр гэж байгаа. 

-Би Дорнод аймгийн хүүхэд. Тэгэхээр Дорнодод одоо гурилын үйлдвэр байгаа үгүйг мэднэ. Гурилын үйлдвэр гэж байхгүй. 30 тэрбум төгрөгөөр юу барьсан бэ?

-Экспортоо дэмжих хөтөлбөрийн хүрээнд манайх тэжээлийн үйлдвэрээ 2016 оны эцэст 100 хувь барьж дуусгасан. Гэтэл Засгийн газраас өвс, тэжээлээ гаргахгүй гэсэн шийдвэр гаргасан. Одоо төсөл маань нам зогссон. 2016 онд хадсан өвс, тэжээл талбай дээрээ харлачихсан "хэвтэж" байгаа. 

-"Алтай групп" ХХК Хөгжлийн Банкнаас ₮20 тэрбумын зээл авч, Ц.Урантөгс гэх иргэн 14 удаагийн зарлагаар ₮19.7 тэрбумыг бэлнээр аваад юу болсон бэ?

-Төсөлдөө зарцуулсан өмнөх зээлүүдээ төлсөн байх даа. Төслөө зогсоохгүй гээд байж болох бүх газраас зээл авсан. 

-Дорнод аймгийн Халхгол суманд гурилын үйлдвэр барихаар 30 тэрбум төгрөгийн зээл авчээ. Энэ гурилын үйлдвэр байгуулагдсан уу? 

-Гурилын үйлдвэр байгуулагдаагүй бөгөөд тэжээлийн үйлдвэр барьсан. Халхгол суманд жижиг хэмжээний гурилын үйлдвэр байгуулах сонирхолтой байсан. Гурилын үйлдвэр угаасаа экспорт хийж чадахгүй. Тиймээс тэжээлийн үйлдвэртээ ач холбогдол өгсөн. 

-Шинжээчээс асууя, тэжээлийн үйлдвэр гэсэн утгатай зээл гарсан юм уу?

Шинжээч: Үйлдвэрлэлийн чиглэлийн импортыг орлох, экспортыг дэмжих төслийн хүрээнд "Алтай групп" ХХК гурилын үйлдвэр барих зээл авсан гэх мэдээллийг Хөгжлийн Банкнаас бидэнд ирүүлсэн. 

 ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/170796555765097