Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Ганцэцэг: Ноолуур дууссаны дараа зээл гарсан учир ₮8 тэрбумыг банканд хадгалаад хавар нь бүтээгдэхүүнээ авсан

Э.Намуунцэцэг, iKon.mn
2023 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Зургийг MNB агентлагийн шууд дамжуулалтаас ашиглав

"Ханбогд кашмер" ХХК нь Хөгжлийн Банкнаас авсан 25 тэрбум төгрөгөөс найман тэрбум төгрөгийг хадгаламжид байршуулж, 13 тэрбум төгрөгөөр өмнөх зээлээ хаасан гэдгийг шинжээч хэлсэн. 

Үүнтэй холбогдуулан Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тус компанийн 100 хувь хувьцаа эзэмшигч Ч.Ганцэцэгээс асуулт асуув. 

-Хөгжлийн Банкнаас авсан мөнгөөрөө өмнөх зээлээ хааж, хадгаламждаа байршуулсан талаараа тайлбар өгнө үү?

-Манай компанийн хувьд нийт үйлдвэрлэлийнхээ 90 хувийг экспортоор гаргадаг. 500 гаруй хүн ажилладаг компанийн талаар нийгэмд буруу мэдээлэл түгээж байгаа нь эмгэнэлтэй байна. Энэхүү зээлийг авснаар экспортоо 30 хувь, ажлын байраа нэг дахин нэмэгдүүлсэн.

Түүнчлэн манай компани түүхэндээ 70 гаруй тэрбум төгрөг авч үзээгүй. Ажилчдынхаа бүх орон сууцыг барьцаанд тавьж, зээл авсан. 

Ноолуур дууссаны дараа зээл гарсан учир найман тэрбум төгрөгийг банканд хадгалж, хавар түүхий эд бэлтгэлийн үед бүтээгдэхүүнээ худалдан авсан юм.

-"Ханбогд кашмер" нь "Монгол микрон кашмер" ХХК-тай ямар холбоо хамааралтай вэ? 

-Манай компани "Монгол микрон кашмер" ХХК-тай хамааралгүй бөгөөд мөнгө шилжүүлсэн зүйл байхгүй. "Монгол микрон кашмер" ХХК-ийн захирал нь миний төрсөн дүү.  

-"Ханбогд кашмер" Ноолуур хөтөлбөрийн хүрээнд 2015 оны есдүгээр сарын 2-нд дөрвөн тэрбум төгрөгийн зээл авсан уу? 

-Тухайн үед дөрвөн тэрбум төгрөгийн зээл аваад төлсөн. Өнөөдрийн сонсголд 2018 оны зээл асууна гэж бодоод бэлдээд ирсэн. 

-Танай компани 2016 оны зургаадугаар сарын 22-нд ноолуурын салбарын тоног төхөөрөмж шинэчлэх гэж таван тэрбум төгрөг авсан уу?  

-Тоо харж байж хэлэхгүй бол санахгүй байна. Ямар ч гэсэн зээлийн үлдэгдэлгүй. 

-Ноолуур хөтөлбөрийн хүрээнд 2018 оны зургаадугаар сарын 29-нд 35 тэрбум төгрөгийн зээл авсан нь үнэн үү? 

-25 болон 13 тэрбум төгрөг нийлээд 35 тэрбум төгрөг болж байгаа байх. 

-2019 оны арванхоёрдугаар сарын 24-нд 25 тэрбум төгрөгийн зээл авсан уу?

-Нийтдээ л 35 тэрбум төгрөг байгаа.

-"Монгол микрон кашмер" ХХК-ийн захирал Ч.Баттогоо, Н.Ариунаа хэмээх хүнийг таних уу. Н.Ариунаа нь ямар албан тушаал хашдаг вэ?

-Ч.Баттогоо бол миний төрсөн дүү. Н.Ариунаа нь дүүгийн маань эхнэр, ямар албан тушаал хашдагийг нь мэдэхгүй. 

-Танай компаниас Н.Ариунаа руу шилжүүлсэн гүйлгээ байгаа юу? 

-Байхгүй. 

-"Монгол микрон кашмер" ХХК-ийн одоогийн 100 хувь хувьцаа эзэмшигч нь Ч.Баттогоо юм байна. Өмнө нь буюу хасагдсан 100 хувь хувьцаа эзэмшигч Ч.Ганцэцэг гэсэн байна. Энэ та мөн үү?  

-Мөн. 2000 оны эхээр байгуулаад дүүдээ өгсөн. Түүнээс биш үйл ажиллагаанд нь оролцож байгаагүй. 

Үргэлжлүүлэн Б.Энхбаяр гишүүн "Хөгжлийн Банкны эх үүсвэртэйгээр шууд болон арилжааны банкаар дамжуулсан зээлд таны болон таны дүүгийн хамаарал бүхий компаниуд нийт 77 тэрбум төгрөгийн зээл авсан байна. "Монгол микрон кашмер" ХХК ХБ-наас авсан зээлийн мөнгө "Нэксус финанс инвестмент" ББСБ-ын данс руу шилжүүлсэн баримтыг нэгдүгээр сард болсон сонсгол дээр шинжээч хэлсэн. Таныг дүүгийнхээ компанитай хамааралгүй гэж хэлсэн учир бид шинжээчийн дүгнэлтийг дахин харууллаа" хэмээв.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/188540477218162