Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сүхгэрэл: Хүний эрхийг хамгаалж үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө саатуулагдах тохиолдол их байна

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 3 сарын 1
IKON.MN
Зураг зураг
Монголын хүний эрхийн үндэсний Комисс

Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүн сонгон шалгаруулах нээлттэй сонсгол өчигдөр болж өнгөрлөө.

Хүний эрх хамгаалагчийн хороо нь долоон хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж дөрвөн гишүүнийг ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төлөөллөөс нэр дэвшүүлэн, нээлттэй сонсголоор сонгон шалгаруулж, Комисс батламжлахаар хуульчилсан байдаг.

Хорооны гишүүнд нэр дэвшигч нь Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11.1-д заасан дараах шаардлагыг хангасан байх ёстой байдаг байна. Үүнд:

  1. Хүний эрхийг хамгаалах чиглэлээр үндэсний, эсхүл олон улсын хэмжээнд долоогоос доошгүй жил ажилласан туршлагатай (Нотлох баримтыг хавсаргах);
  2. Хүний эрхийг хамгаалах олон улсын тогтолцоо, эрх зүйн хэм хэмжээний талаар мэдлэг, туршлагатай (Нотлох баримт хавсаргах);
  3. Сүүлийн таван жил улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй.

Сонсголоор нэр дэвшигчид хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүн болох шалтгаан болон өмнө нь хүний эрхийн асуудлаар хийж гүйцэтгэж байсан ажлууд, сонгогдсон тохиолдолд нэн тэргүүнд юунд анхаарч ажиллах талаараа танилцуулж сонгон шалгаруулах зөвлөлийн асуултуудад хариулсан юм.   

Нэр дэвшигчдийн сонсгол дээр ярьсан яриаг товчлон хүргэж байна.

С.Уламбадрах: Олон нийтийн сүлжээнд нэр төрд халдах, гутаан доромжлох хүний эрхийн асуудал их байна

Хорооны үйл ажиллагаанд миний зүгээс гэмт хэрэгт өртөж хохирсон иргэдийн нөхцөл байдалд эрсдэлийн үнэлгээ хийдэг байсан болон төрийн албанд олон жил ажилласан туршлага мэдлэг маань хэрэгтэй гэж бодож байна.

Цагдаагийн байгууллагад ажиллаж байх хугацаандаа мөрдөн шалгах ажиллагаанд хүний эрхийг хэрхэн хамгаалан ажиллах талаарх сургалт, зөвлөгөөнүүдэд тасралтгүй хамрагддаг байсан. Урт хугацааны сургалтад хамрагдаж байгаагүй.

Хүний эрхийн талаарх баримт бичиг, судалгааны ажлуудыг уншиж судалж байсан.

Манай улсад олон нийтийн сүлжээнд нэр төрд халдах, гутаан доромжлох асуудал их байгаатай санал нэг байгаа.

Ч.Сэмжидмаа: Эмч нарын хүний эрхийн мэдлэгийг сайжруулах ажлуудыг хийх шаардлагатай байна

Хүний эрхийн чиглэлээр ажиллаж байхдаа эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр 20 гаруй төсөл дээр ажиллаж байсан. Тэдгээрээс дурдвал Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын хэрэгжилтээр Монгол дахь СЭМҮТ-д байгаа эмэгтэйчүүдийн эсрэг тэр тусмаа Лесбиян Бисексуал, Трансжендер, Интерсекс эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудлын судалгаа, 2013 онд ХДХВ-тэй хүмүүсийн эрхийн асуудлаар тусгай тайлан дээр ажиллаж байсан.

Хамгийн сүүлд 2.5 сарын хугацаанд тогтвортой хөгжлийн зорилтыг хүний эрхийн зөвлөмжүүдтэй холбох талаар сургалтад хамрагдсан.

Эрүүл мэндийн салбарт эмч нарын зүгээс ялгаварлан гадуурхалтын асуудал их байдаг. Тэр тусмаа сүрьеэтэй өвчтөнүүдийг ялгаварлан гадуурхах асуудал 60%-тай байна гэсэн судалгааны тоо гарсан. Тиймээс эмч нарын хүний эрхийн мэдлэгийг сайжруулах ажлуудыг хийх шаардлагатай байна. Мөн сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулах хэрэгцээ шаардлага байгаа.

Д.Сүхгэрэл: Үзэл бодлоо илэрхийлэхгүйгээр хүний эрхийг хамгаална гэж байхгүй 

Хүний эрхийн чиглэлээр олон тайлан илтгэл, судалгааны ажлууд хийж байснаас хамгийн сүүлд хийсэн ажлуудаас дурдвал Эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн ялгаварлан гадуурхалтыг устгах тухай конвенцын хэрэгжилтийн тайлан, Уул уурхайн орчинд амьдарч байгаа нүүдэлчин хүн амын Уугуулын  конвенцоор хамгаалагдах эрх хүлээн зөвшөөрөгдөхгүй зөрчигдсөн хэвээр байгаа талаарх тайлан, Хөгжлийн банкнуудын Монгол дахь бодлого хоорондоо авталцахгүй хүний эрх зөрчигдөж байгаа талаар тайлан гэх мэт ажлууд дээр ажилласан байна.

Хүний эрхийг хамгаалагчийнхаа хувьд Монгол улсад хүний эрхийн хамгаалагчийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчин бий болгох талаар зөвлөмж, зөвлөгөө, мэдээлэл өгүүлэх чиглэлээр ажиллаж ирсээр Монгол улсад хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах хууль боловсруулах тухай ажлын хэсэгт орж ажилласан.

Хүний эрх хамгаалагчийн үйлдлийг хуулиар хамгаалах олон улсын 29 хуульчийн боловсруулсан загвар хууль гэж байдаг. Тэрхүү загварын дагуу төслийг боловсруулсан боловч УИХ-н ажлын хэсэгт очсоноос хойш маш их өөрчлөлтүүд орж хүний эрхийн хамгаалагчийн эсрэг ашиглаж болох 8.1.3, 7.2 зэрэг заалтууд суусан.  

Монгол Улсад хүний эрхийг хамгаалж үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө эрсдэлд орох, саатуулагдах тохиолдлууд их байна. Үзэл бодлоо илэрхийлэхгүйгээр хүний эрхийг хамгаална гэж байхгүй.

Хүний эрхийн хорооны нэг чухал хийх хэрэгтэй ажил нь олон улсын хүний эрхийн механизмуудаас нүүдэлчин ард иргэдтэй улсдаа хэрхэн нутагшуулах тухай судлах хэрэгцээ шаардлага байгаа. Ийм механизм байхгүйгээс хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэд эрхээ хэрхэн хамгаалуулахаа мэдэхгүй хохирч байна.  

Э.Сундуй: Хүний эрхийн хамгаалагчийн эрхийн зөрчил, зөрчигдсөн эрхийг сэргээх талаарх асуудлуудыг тодорхой болгох шаардлагатай 

Хүний эрх хамгаалагчийн эрхийн хэрэгжилтийн талаарх судалгаанд ахлах судлаачаар ажилласан. Судалгаанаас хүний эрх хамгаалагчийн хуулийг илүү их таниулах ажлуудыг хийх хэрэгтэй байгааг харсан. Тиймээс хуулийг хэрхэн өдөр тутамдаа ашиглах талаарх ажлуудыг хийх шаардлагатай гэж үзэж байгаа.

Хүний эрхийн хамгаалагчийн хороонд шинээр бий болгоход шаардлагатай дүрэм журам хэрэгтэй. Хүний эрхийн хамгаалагчийн эрхийн зөрчил, зөрчигдсөн эрхийг сэргээх талаарх асуудлуудыг тодорхой болгох шаардлагатай гэж үзэж байна.

Миний хувьд хүний эрх хамгаалагчийн чиглэлээр ажилласан туршлага цөөн байгаа боловч энэ талын судалгаа шинжилгээний ажил дээр их ажилласан.

Хүний эрхийн хамгаалагчийн мэдлэг, хандлагын судалгаанд оролцсон.

Ц.Оюунбаатар: Хөгжлийн бэрхшээлийг үүсгэж байгаа шалтгаан нь нийгмийн зүгээс ирэх хандлага орчны хязгаарлалт

НҮБ-аас хөгжлийн бэрхшээлтэй хүний конвенц батлагдах үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аж амьдралыг сайжруулах үндэсний хөтөлбөрийг гардан боловсруулж Засгийн газарт өргөн барьж батлуулж байсан. 7 хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэний талаарх 43 заалт оруулж ажилласан.

Мөн олимпод амжилт байгуулаад ирсэн энгийн тамирчин хөгжлийн бэрхшээлтэй тамирчнаас илүү мөнгөн урамшуулал авдаг байсныг хэлж өөрчлүүлэн 2008 оны Пара олимпоос аваргатай болж түүнээс урам авсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд спортоор их хичээллэх болсон. Энэ мэтчилэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн олон ажлыг хийж гүйцэтгэж байсан.  

Хүний эрхийн төлөө дуугардаг хүмүүсийн эрхийг хамгаалахад хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль дангаараа хангалтгүй дагалдуулан маш олон эрх зүйн орчинд шинэчлэлт хийх хэрэгтэй гэж үзсэн учраас хороонд нэр дэвших сонирхолтой байгаа.

Хүний эрхийн хамгаалагчийн нийгэм, эдийн засгийн баталгааг бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа.  

Хөгжлийн бэрхшээлийг үүсгэж байгаа шалтгаан нь нийгмийн зүгээс ирэх хандлага орчны хязгаарлалтыг бий болгож байгаад л байгаа. Тиймээс үүнийг арилгахын төлөө явах хэрэгтэй байна.

Хүний эрх гэдэг нь  тухайн хүнд олгогдсон нийгмийн дунд заавал эдлэх боломж. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүнд нийгмээс ирэх хандлага, орчин, харилцааны саад үүсэж байдаг. Үүнийг л арилгачих юм бол тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүн цаашид хөгжөөд явах боломжтой. 

Хорооны гишүүд нь Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт болон хүний эрх хамгаалагчийн нөхцөл байдалд хяналт шинжилгээ, судалгаа хийж, эрх зөрчигдсөн талаарх гомдол, баримтуудыг цуглуулж жил бүр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд тусгуулан ажиллах үүрэгтэй юм.

Сонгон шалгаруулалтын дүнг гуравдугаар сарын 2-ны өдөр танилцуулж, Хорооны гишүүний үнэмлэх гардуулна.