Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 12 сарын 20-ны 164-р тогтоолоор Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан түүхэн үйл явдлыг дурсан санаж, хүүхэд залуу үеэ Монголын түүх, соёл, уламжлалын мэдлэгтэй болгох, эх түүхээ дээдлэх зорилгоор Монгол Улсын сүүлчийн эзэн хаан VIII Богд Гэгээн Жавзундамба хутагт болон хувьсгалын удирдагчдын дурсгарлд зориулан Богд гэгээний хөшөөг Тусгаар тогтнолын талбайд байршуулах шийдвэр гарсан.
VIII Богд Гэгээн Жавзундамба хутагтын хөшөөний загварыг уран бүтээлчдийн дунд нээлттэй уралдаан зарлаж сонгон шалгаруулах бөгөөд хөрөнгө оруулалтыг нийслэлийн төсвөөс гаргахаар төлөвлөж байна.
Уг тогтоолын дагуу өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд VIII Богд Гэгээн Жавзундамба хутагтын хөшөөний шав тавих ёслолын ажиллагаа боллоо.
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга тус үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр Монголчуудын шинэ эрин үеийг нээж, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 102 жилийн тохиож байна. Эдүгээ 102 жилийн өмнө өрнөсөн түүхэн үйл явдлыг ирээдүй хойч үе маань үеийн үед дурсан санаж, түүхэн гавъяа байгуулсан удирдагчдаа хүндэтгэж байх учиртай. Нөгөөтэйгүүр түүхч, эрдэмтэн, судлаачдаас Богд Гэгээний хөшөөг босгох талаар багагүй санал, хүсэлт ирсэн юм. Тиймээс нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид VIII Богд Гэгээн Жавзундамба хутагтын хөшөөг Тусгаар тогтнолоор нэрийдсэн энэхүү талбайд байршуулах шийдвэр гаргасан” гэдгийг онцлон хэлсэн юм.
Ирэх онд VIII Богд Гэгээн Жавзундамба хутагтын хөшөөний загварыг уран бүтээлчдийн дунд нээлттэй уралдаан зарлаж сонгон шалгаруулах бөгөөд хөрөнгө оруулалтыг нийслэлийн төсвөөс гаргахаар төлөвлөж байна.
Ёслолын ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан болон нийслэлийн удирдлагууд, УИХ-ын гишүүд оролцсон юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!