Богд гэдгээр бурхан мэт онцгой тодорсон, гэгээрсэн, цэцэн мэргэн, дээдийн дээд ариун дээд шүтээн болсон хүн, эсвэл өндөр дээд шүтлэгт уул хайрханыг нэрлэсээр иржээ. Богд хан уул гэхэд л монголын ой модот Хангай, Хэнтийн уулсын хамгийн урд хязгаар, тал хээр нутгийн умард хилийн бэлчир дээр содон ноёлогоор орших.
Харин Богд хаанаа ямар ч эргэлзээгүйгээр монголын түүхийн нэгэн их өндөрлөгийг эрхшээн, онцгойрон товойсон хутагт их хүн гэдгийг ухаант нэгэн шууд хэлэх байх. Монголчууд 1911 онд манж Чин гүрнээс туурга тусгаарлаж, төр улсаан сэргээн мандуулж, Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсны 100 жилийн ойг 2011 онд ёслол төгөлдөр тэмдэглэсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаа гаргаж, Засгийн газрын комисс байгуулан, УИХ ч хүндэтгэлийн чуулганаа хийсэн.
Жил бүрийн 12 дугаар сарын 29-ний өдрийг үндэсний баярын өдөр болгон тэмдэглэх болов. Харийн дарлалд хэдэн зуун жил нухлуулсан монголчууд дэлхий дахинаа эзэн Чингисийн төрийн их голомт дахин сэргэсэн гэдгийг тунхаглан зарласан өдөр болохоор үнэхээр зүйд нийцнэ. Энэхүү түүхэн үйл явдлыг санаачлагчдын нэг, оройлон зохион байгуулсан удирдагч бол VIII богд Жавзандамба хутагт билээ. XIX зууны эхэн үеийн монголчуудын оюун санааны удирдагч нь тэр байсан юм. Тийм ч учраас бурхны шашныг шүтдэг Ар, Өвөр монгол, баруун монгол, Шинжааны ойрдууд, Хөх нуурын монгол, Барга, Буриадууд түүнийг 1911 оны 12 дугаар сарын 29-нд хаан ширээнд өргөмжлөхөд нэгэн сэтгэлээр хүлээн зөвшөөрсөн хэрэг.
Богд Жавзандамба хутагтыг тухайн үеийн монголчуудын үндэсний тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөний удирдагчид болох Сайн ноён хан Намнансүрэн, Да дам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж, Гүн Хайсан, Түшээ гүн Чагдаржав, Ачит ван Гончигдамба, Зоригт ван Наваанцэрэн нарын нөлөө бүхий ноёдууд тойрон нягтарч Үндэсний хувьсгалын ялалтыг авчирсан нь маргах аргагүй үнэн юм. Энэ их хүмүүнийг хаан ширээнд өргөмжлөхөд тохирох нөхцөл юу байв гэдгийг дээр дурдсан. Нөгөөтэйгүүр анхдугаар Богд Жавзандамба болох Өндөр гэгээн Занабазар нь Чингисийн алтан ураг болох Түшээт ханы хүү байсан тул түүний хувилгаан дүрүүд нь алтан урагтай шижмээр холбогдсон хэрэг хэмээн монголчууд дээдлэн биширдэг байв.
Тухайн үед биднийг өнөөгийн түвдийн адил хувь заяа хүлээж болох л байсан. Харин VIII Богд Жавзандамба хутагтын гуйвашгүй, шийдэмгий удирдлагын ачаар энэ гашууныг бид амсаагүй билээ. Үүгээрээ тэрбээр өнөөгийн Монголын тусгаар тогтнолыг өлгийдсөн Үндэсний хувьсгалын удирдагч, эцэг хэмээн хүндлэгддэг юм. 1911 оноос улсын нийслэл болсон Хүрээ бол 1639 онд Богдын өргөө хэмээн суурь нь тавигдсаныг бид мэднэ. Үүнээ санаваас бид Богдын хүрээнд амьдарч байгаа атлаа Богдын ач гавьяаг эс хүндэтгэх нь ёс суртахуунгүй, эх түүхээ дээдлээгүй, увайгүй хэрэг болох сон.
Тэрээр 1869 онд Түвдэд Далай ламын санхүүч, чинээлэг түшмэл Гончигцэрэнгийн гэр бүлд мэндэлсэн юм. Таван настай байхад нь түүнийг хойд дүрээр тодруулан хүрээнд залж ирснээс хойш түүний бүхий л амьдрал, ертөнцийг үзэх үзэл, үйл хэрэг нь монголын түүх, монголчуудын хувь заяатай салшгүй холбогдов. Багаас нь монгол хэл, бичиг зааж, улмаар шашны болон дорно дахины өндөр их боловсрол эзэмшүүлсэн байдаг. Эгээ л монгол хүүхэд шиг монголд идээшин дасч өссөн болохоор түүнийг харь гаралтай гэж “сэрдэх” нь утгагүй хэрэг юм. Монгол айлд хонож өнжин, монгол хүүхдүүдтэй тоглож өссөн түүний багадаа хэрэглэж байсан ямааны эмээл эдүгээ Богд хааны музейд бий. Бурханы ёсны дээд зиндаанд хүрсэн хүн гэрлэж болохыг зөвшөөрсөн байдаг билээ.
Энэ тааллаар Богд гэгээн Сэцэн хан аймгийн Жонон ван Цогбадрахын хошууны Цэндийн охин Дондогдуламтай нууцаар ханилж байгаад ХХ зууны эхээр гэрлэж, “Эх дагина” хэмээн өргөмжлүүлсэн байна. Гадаад дотоодын эрдэмтэн судлаачдын бичсэнээр бол Богд гэгээн Дондогдуламтай гэрлэснээр залуу насны амьдралаа өөрчлөн Монгол дахь шашны хөгжил хийгээд монголчуудын сайн сайхны төлөө илүү ихээр зориг сэтгэл шуударсан ажээ.
1911 онд Монгол Улсын хаан ширээнд түүнийг өргөмжлөхдөө хатан Дондогдуламыг нь Улсын эх дагинаар мөн өргөмжилсөн юм. Тэд өөрийн үр хүүхэдгүй байсан гэдэг. Харин Богд хаан хэд хэдэн хүүхдийг үрчлэн авч өсгөн бойжуулсны дотор Монгол Улсын алдарт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж хийгээд ерөнхий сайд асан М.Энхсайханы эхнэр Шүрэнцэцэгийн аав Эрэнжав нар орж байв. Тэрээр Монголд шарын шашныг тэргүүлж байсан найман Богдоос ганцаараа гавж цолтой хүн байсан нь сонирхолтой. Бас Монгол Улсын хаанаар гурвантаа суусан сүүлчийн хаан юм. 1911 оноос өмнөх үед Богд Жавзандамба хутагт нь монгол үндэстний шашин соёлын дээд шүтээн болж чадсан бол 1911 оны үндэсний хувьсгалын дараа монголчуудын төрийн их удирдагч, эзэн хаан жинхэнэ утгаараа болсон билээ л.
Түүний санаачлагаар Өндөр гэгээний бүтээсэн соёмбо үсгийг төрийн туг далбаанд хүндэтгэлтэйгээр оруулсан байдаг. Их билгүүн номч Б.Ринчен соёмбыг монголчуудын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг хэмээж байв. Түүхэн үйл явдлын ээдрээтэй манан будан дунд Монгол улсын шашин төрийг хослон баригч хаан болсон тэрбээр хятадад нийлэхийг ятгаж байсан Хятадын Ерөнхийлөгч Юань Шикийн ятгалга, сүрдүүлгийг эс зөвшөөрч бүх монголчуудыг нэгтгэн Их Монгол улсыг сэргээн мандуулахыг зорьж байв. Түүний Засгийн газрын сайдууд төрийн тусгаар тогтнолоо хүчирхэг улсуудаар хүлээн зөвшөөрүүлэхийг оролдож байсан авч энэ нь гурван улсын Хиагтын хэлэлцээрээр таслагдсаныг бид мэднэ. 1919 онд хятадууд цэргийн хүчээр Монголын автономыг устгахад Богд хаан гарын үсэг зурсангүй.
Харин ч төрийн тусгаар тогтнолоо сэргээхийг эрмэлзэн Америк, Япон, Зөвлөлт Орос болон Колчакийн засгийн газраас тусламж дэмжлэг эрэлхийлж байв. Тиймээс хятадууд дээрх хэргээр баривчлан хорьсон ажгуу. 1921 оны хоёрдугаар сард Хүрээг эзлэн хятадуудыг хөөсөн Барон Унгерн Монголын автономыг сэргээн мандуулснаа зарлаад Богд гэгээнийг хаан ширээнд залсан юм. Харин таван сарын дараа ардын намынхан Нийслэл хүрээнд орж ирээд мөн л Богд гэгээнийг хаанаар өргөмжилжээ. Харин 1921 оны 11 дүгээр сарын нэгэнд Ардын засгийн газраас Богд хаантай “Тангаргийн гэрээ” байгуулж хэмжээт эрхт хаан болгосон билээ.
Монголчуудын эв нэгдэл, тусгаар тогтнол, төр шашны төлөө амьдралаа зориулсан VIII Богд хаан 1924 онд 56 настайдаа таалал төгссөн юм. Түүнтэй холбоотой сонин содон баримт, бахархан дууриах баримт сэлтүүд өдрөөс өдөрт зузаарч байна. Энэ хэрээр эх орноо гэсэн элэгтэй хүн бүр, түүхч, эрдэмтэн, судлаачид, нийслэлийн иргэд түүний дурсгалд зориулан, алдар гавьяаг нь мөнхжүүлэх зорилгоор хөшөө босгох хүсэлтийг удаа дараа тавьсаар ирсэн. Энэ дагуу Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Монголын төр, шашны нэрт зүтгэлтэн VIII Богд гэгээн Жавзандамба хутагтын дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор хөшөөг нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн V хорооны нутаг дэвсгэр дэх Тусгаар тогтнолын талбайд байрлуулах шийдвэр гаргасан нь нүдээ олсон хэрэг болжээ. Хөшөөний хадгалалт, хамгаалалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд даалгаж буй. Үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөө, бие даасан байдал нь
Монгол хүн бүрийн хувь заяаны асуудал тул Монголын тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтын хөшөө босох гэж буй явдал нь Монгол хүн бүрийн, ялангуяа нийслэлчүүдийн хувьд зүрхэнд нь гэрэлтэх язгуурын тарни болно биз ээ. Түүнийг хаан ширээнд залсан тэр өдөр Ховд, Улиастай, Алтанбулаг, Ерөө гээд Монголын өнцөг булан бүрт Хүрээ рүү нэгэн хүн мэт сөгдөн мөргөж, зул хүж асаан бадрааж, омогшиж байсан монголчуудыг харсан гадаадынхан монголчуудын нүд урьд өмнө хэзээ ч ингэж очтон байсныг хараагүй гэж бичсэн нь бий. Үүн лүгээ адил энэ эрхэм хүмүүний хөшөөг залах тэр үест эдүгээгийн монголоо гэсэн элэгтэй хүн бүрийн зүрх сэтгэл халуунаар гэрэлтэх нь дамжиггүй.
Богд гэгээн бурханы номд төгс гэгээрсэн ухаантан байсан бөгөөд монгол орны хувь заяаг зөгнөн илэрхийлсэн олон бошго айлдварыг үлдээсэн нь саяхнаас ил болж эхэлж байна. Тэрээр “хүрээний хойд энгэр нь хүүрээр дүүрч, хотгор газар нь шавраар дүүрээд, үлээгээд хийсэхгүй, үүрээд барахгүй болно. Төмөр шоргоолж, төмөр аалз (машин, техник) хот хүрээг бүрхэх цаг болно” хэмээжээ. Энэ нь өнөөдөр тохиогоод буйг бид хэлүүлэлтгүй мэднэ. Тэрээр үргэлжлүүлэн “Энэ мэт муу цагийг сайнаар гэтлэн гарч, ирээдүйд учрах зүйл, үйл явдалд бэлтгэлтэй бай, даван туул” хэмээсэн билээ.
Ямартай ч монголын сүүлчийн хаан, их гэгээн хутагт VIII Богд Жавзамдамбын гэрэлт дүр хүрээнийхээ хойморь заларч, хотол олныхоо буян заяаг ивээлдээ авах нь ээ.
Монгол зоныг, нийслэлчүүдийг маань энэ их хүмүний суу билиг авралдаа багтааг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!