Бөөр, шээсний замын чулуу өвчний тохиолдол Монгол улсын хэмжээнд сүүлийн 10 жилд 3 дахин нэмэгдэж урологийн эмгэгийн дотор тэргүүлэх байранд орох болсон. 2021 онд 4,784 тохиолдол бүртгэгдэж байгаа нь манай ард иргэд тухайн өвчний талаар мэдлэг мэдээлэлтэй байж урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, шаардлагатай тохиолдолд урьдчилан сэргийлэх арга хэмжээг мэргэжлийн эмчийн заавар зөвлөмжийн дагуу авч, хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байна [1,2]. Манай орны хувьд бөөр, шээсний замын чулуу өвчнөөр эрэгтэйчүүд эмэгтэйчүүдтэй харьцуулахад 3 дахин өвчилж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг.
Тус өвчнөөр 20-50 насны хүмүүс өвчлөх нь элбэг бөгөөд, бөөр, шээсний замын чулуу өвчнөөр оношлогдон, эмчлэгдсэнээс хойш 1-5 жилд 35-50 хувьд нь дахилт өгдөг бөгөөд нийт оношлогдсон өвчтөний 10 хувьд нь 2 ба түүнээс дээш удаа дахин чулуу үүсдэг байна.
Бөөр, шээсний замын чулуу өвчин үүсэх гол шалтгаан, хүчин зүйлийг дурдвал буруу хооллолт, өдөр тутмын усны хэрэглээ бага байх, эмчийн зааврын дагуу эмийн эмчилгээ хийхгүй байх, таргалалт, хөдөлгөөний дутагдал зэргийг хэлж болно.
Амьдралын хэв маягаа өөрчилж, өдөр бүр хангалттай хэмжээний ус уух, дасгал хөдөлгөөн хийх, биеийн жингээ хянах, тогтмол барих, эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах зэрэг дадлыг өөртөө суулгаснаар бөөр, шээсний замын чулуу өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм.
Бөөр, шээсний замын үрэвсэл чулуу үүсэхэд нөлөөлдөг тул аль болох үрэвсэлт өвчнөөр өвдөхгүй байх нь зүйтэй. Дотоод шүүрлийн үйл ажиллагааны алдагдлын улмаас чулуу үүсэх нөхцөл бий болдог тул ялангуяа бамбай булчирхайн эмгэг, бамбайн дэргэдэх булчирхайн эмгэгийн үед бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлж байх нь чухал юм.
Бөөр шээсний замын чулууны өвчнөөр өвдсөн тохиолдолд бүсэлхий, нуруу, хэвлийн хажуу талаар, цавь эсвэл төмсөг орчмоор өвдөх бөгөөд өвчний явцаас хамаарч цустай шээх, дотор муухайрах, бөөлжих, халуурах зэрэг шинж тэмдэг илэрч болно. Бөөр, шээсний замын чулууг ЭХО, Хэвлийн компьютер томографи, Хэвлийн рентген шинжилгээгээр оношлох боломжтой бөгөөд чулууны тоо, хэмжээ зэргээс хамаарч эмийн эмчилгээ, зайнаас чулуу бутлах эмчилгээ, нээлттэй (орчин үед нээлттэй мэс заслын тоо жил ирэх тусам буурч байгаа) болон дурангийн мэс засал эмчилгээгээр эмчилдэг.
Олон улсын практикт бага хэмжээтэй чулуутай болон дахилт өгөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эмийн эмчилгээг зөвлөж, хэвшсэн бөгөөд 2023 оны 2 сарын 13-нд нийслэлийн болон орон нутгийн урологи, андрологийн эмч нар чуулж, “Бөөр, шээсний замын чулууны орчин үеийн эмчилгээ” сэдэвт танхим, цахим хосолсон сургалтанд хамрагдсан. Тус сургалтын үеэр 2022 оны 11 сард Монгол улсын зах зээлд нэвтэрсэн Герман улсын “Блемарен” бөөр шээсний замын чулууны эмийг танилцуулсан [3] байна. Блемарен эм нь хайрцагтаа хөөсрөн уусдаг шахмал, шээсний орчныг хэмжих pH тууз болон тэмдэглэл хийх дэвтэр багтаасан нь өвчтөн эмчилгээний явцаа хянах боломжийг олгосноороо давуу талтайг онцоллоо.
1 Zhang L, Zhang X, Pu Y, Zhang Y, Fan J. Global, Regional, and National Burden of Urolithiasis from 1990 to 2019: A Systematic Analysis for the Global Burden of Disease Study 2019. Clin Epidemiol. 2022;14:971-983. Published 2022 Aug 15. doi:10.2147/CLEP.S370591
2 “2021 оны Эрүүл Мэндийн Үзүүлэлт”, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл Мэндийн Яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!