Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Отгонбаяр: Солонгост таксинд ашиглаж байсан машинуудыг Улаанбаатарт оруулж ирэх талаар судалж байна

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

"Монгол-Солонгосын бизнес форум" Бүгд Найрамдах Солонгос Улсын  Сөүл хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимд өнөөдөр боллоо.

Форумын үеэр UBCAB-Онлайн такси үйлчилгээний компанийн гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр хийж байгаа гэрээ хэлэлцээрийнхээ талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр "Манай компани хувьдаа автомашинтай хүмүүсийг такси үйлчилгээнд бүртгэж явдаг. Тэдний 80-90 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй машинтай байдаг. Зөв талдаа хүрдтэй байвал Солонгос шиг стандартаар шар дугаарыг олгож дугаарын хязгаарлалтгүй болно. Сүүлийн үед яригдаж байгаа туулсан замаар татвараа төлнө. Ирээдүйд Улаанбаатарт зөв талдаа жолооны хүрдтэй стандарт таксины орон зай байгаа гэж харсан.

Солонгосын зөв талдаа хүрдтэй таксинууд 5-10 жил яваад актлагддаг. Түүнийг нь бид Улаанбаатарт ашиглах талаар ярилцаж байна. Эдийн засгийн хувьд шинэ машинаар явбал өртгөө буцаад нөхөхөд хүндрэлтэй. Жолооч нар маань өдөрт хэдийг олдог билээ, буцаад лизингтээ хэдийг өгөх вэ гэх мэт асуудал байгаа. Тэгэхээр бидэнд хамгийн ойрын үед боломжтой нь таксинд явж байсан хямд машин юм. Монголчууд маань ч үүнийг мэдэж байгаа. Үүнд наймаачдыг оролцуулахгүйгээр нийлүүлэгчдээ олох зорилгоор ирсэн. 

Энэ асуудлаар цар тахлын өмнө нь Солонгост хэд хэд ирж байсан. Цар тахлын үеэр хил гаалийн бөглөрлөөс болж Монголд автомашины үнэ өссөн, нийлүүлэлт нь багассан. Солонгосоос машин авахад Японтой харьцуулахад арай өөр түвшинд байдаг. Японоос бол хэрэглэгч шууд дуудлага худалдаагаар цахимаар захиалж болдог. Харин Солонгосоос машин авахын тулд заавал өөрсдөө ирнэ. Тиймээс түншүүдтэйгээ хамтраад ойлголцох шаардлага байгаа. Манайх 24,000 жолоочтой хамтран ажилладаг" хэмээн ярилаа.