Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский: Бид Европыг хамгаалж байна

Т.Давааням, ikon.mn
2023 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагт Европын Холбооны нийслэл Брюссель хотод Украины ерөнхийлөгч Володимир Зеленский айлчлан ирсэн байна.

Тэрбээр өмнөх өдөр нь Их Британийн нийслэл Лондонд очиж, тус улсын хаан, ерөнхий сайд хоёртой уулзаж, парламентад нь үг хэлсэн юм. Дараа нь Парис хотноо Франц, Германы төр, засгийн тэргүүнүүдтэй уулзсан.

зураг
 
зураг
 

Европын парламент өчигдөр Зеленскийд баатрын ёсоор хүндэтгэл үзүүлжээ.

Украины ерөнхийлөгч дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Европ тивд үүссэн хамгийн том зэвсэгт мөргөлдөөний нэг жилийн ой тохиоход хоёр долоо хоног орчим хугацаа үлдээд байхад Брюссельд ирж байна.

“Орчин үеийн дэлхий ертөнцөд бий болсон Европын эсрэг хамгийн том хүчтэй бид тулалдаж байна. Бид эх орон, ард түмнээ хамгаалахаар та бүхэнтэй хамт тулалдаж байна” гэж Евро парламентад Зеленский хэлжээ.

Парламентад үг хэлснийхээ дараа тэр Европын Холбооны гишүүн 27 улсын төрийн тэргүүнүүдтэй уулзсан юм.

Евро парламентын спикер Роберта Мецола “Украин бол Европ, танай улс орны ирээдүй бол Европын Холбоо” гэж Зеленскийд хандаж хэлжээ.

Дараа нь тэр гишүүн орнуудын удирдагчдад хандаж хэлэхдээ “Гишүүн улсууд нийтийн эрх чөлөөг хамгаалахад шаардлагатай байгаа алсын тусгалын зэр зэвсэг, нисэх онгоцнууд нийлүүлэх асуудлыг яаралтай анхааралдаа авах ёстой” гэсэн юм.

Чуулганд оролцсон Эстони улсын ерөнхий сайд Каяа Каллас “Украинд үзүүлэх зэр зэвсгийн тусламжаа яаравчлах нь маш чухал болоод байна. Бид бүгд тус тусын нөөцөд юу байгааг шалгаж байгаа гэж би бодож байна. Гэвч үүнээс ч илүүг бид хийх хэрэгтэй” гэж хэлжээ.

Харин өчигдөр Брюссельд болж буй үйл явдлын талаар Кремль чимээгүй өнгөрөөгүй байна.

“Орос, Украины мөргөлдөөнд Герман, Их Британи, Франц улсуудын оролцоо нэмэгдэж байгааг бид харж байна. Шууд болон шууд бус оролцооны зааг ялгаа аажмаар арилж байна. Бид үүнд зөвхөн харамсаж л чадахаар байна” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ.

Гэхдээ мөргөлдөөнийг хурцатгасан эдгээр үйл явдлууд “манай улсын цэргийн тусгай ажиллагааны зорилгыг өөрчилж чадахгүй” гэж тэр хэлсэн юм.

АНУ болон Европын холбоотнууд саяхан байлдааны танкуудыг Украинд илгээх шийдвэр гаргасан байгаа. Харин одоо алсын тусгалын пуужингийн систем, сөнөөгч онгоцнууд нийлүүлэх асуудал хурцаар яригдаж эхлээд байна.

Зеленскийн Европт хийж буй айлчлал нь энэ үйл явцыг түргэсгэх зорилготой юм.

 

Эх сурвалж: AFP