Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Чойжилсүрэн: Засгийн газар 2016 онд нэг их наяд төгрөгийг Хөгжлийн Банкны дүрмийн санд хийж дампууруулахгүй авч үлдсэн

Э.Намуунцэцэг, iKon.mn
2023 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөгжлийн Банкны хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр эхэллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сонсголд гэрчээр дуудагдаж, түр хорооны гишүүдийн асуултад хариуллаа. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: 2016 онд гарсан 1.3 их наяд төгрөгийн зөрчлийг холбогдох газраа мэдээлээд, арга хэмжээ авах ёстой байсан. Гэтэл энэ ажил гацсанаас болоод Хөгжлийн Банк долоон жил дампуурсан байна. Гол асуудал нь тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар АНУ-д ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдахаар явахдаа Хөгжлийн Банкны асуудлаа нууцалсанд байгаа юм. Үүнд дэлгэрэнгүй тайлбар өгнө үү? 

Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн: Т.Доржханд гишүүнээ арай хэтрүүлж байна. Намайг байхгүй хойгуур ийм асуудал болсон юм билээ. Олон улсын валютын сан Хөгжлийн Банкны асуудал хүндэрсэн байгааг ойлгож байсан. Хөрөнгө оруулагч нарын дунд бодит байдлаас хэт давуулсан сөрөг мэдээлэл цацчих вий гэдэг зүйлээс бид болгоомжилсон юм. 

Намайг 2016 онд Сангийн сайдаар ажиллаж байхад гарсан хамгийн том сорилт бол 2017 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Хөгжлийн Банкны 580 сая ам.долларыг төлөх хугацаа тулчихсан байсан. Тийм учраас хөтөлбөрт орсон. Бусад шалтгааныг бол мэдэхгүй.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Нийт 5.6 их наяд төгрөгийн гурван их наяд нь төсвийн эргэн төлөлтөөр хийгдэнэ гэж байна. Сангийн яаманд намайг ажиллаж байхад гарын үсэг зурдаггүй байсан. Тухайн үеийн Хөгжлийн Банкнаас шахдаг байв. Сангийн яам энэ асуудалд ямар байдлаар хандаж байсан юм бэ?  

Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн: Б.Энхбаяр гишүүн санхүүгийн мэргэжилтэн биш. Хуульч хүн байх. Тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байсан. Энэ зүгээр андуурсан, эсвэл өөрийнх нь бодол байж магадгүй гэж бодож байна. 

Хөтөлбөртэй холбоотой гэж явдаг нь ОУВС-гаас нуух биш хөрөнгө оруулагч нарын дунд бодит байдлаас хэт муутгасан мэдээлэл тархах вий гэдэг болгоомжлол байсныг үгүйсгэхгүй. Тухайн үед гарч байсан хамтарсан ажлын хэсэг төсвийн шинж чанартай төслүүдийг 2017, 2018 оны төсөв рүү шилжүүлж, төслийн зээлийг банк дээр хэвээр үлдээсэн.

Гэсэн ч Хөгжлийн Банкны санхүүгийн үзүүлэлт хүссэн хэмжээнд хүрч өгсөнгүй. Засгийн газар өр ихтэй байхдаа 2016 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр нэг их наяд төгрөгийг Хөгжлийн Банкны дүрмийн санд нь хийснээр дампууруулахгүй авч үлдсэн.