Африк тивийн Уганда улсад 12 эхнэр, 102 хүүхэд, 578 ач, зээтэй эр амьдардаг тухай олон улсын хэвлэлүүд олж мэдээлжээ.
Одоо 68 настай Муса Хасахя Касера ихэнх хүүхдүүдийнхээ нэрийг мэддэггүй гэнэ.
“Эхэндээ бахархал, инээд наргиа байсан бол одоо зовлон болж хувираад байна. Эрүүл мэнд минь муудаж, хоёр акр хүрэхгүй талбайтай газраараа гэр бүлээ тэжээж дийлэхгүй боллоо. Үүнээс болоод хоёр эхнэр маань салж явсан” гэж зүүн Угандагийн Бугиса тосгонд амьдардаг тэр өөртэй нь уулзсан сэтгүүлчид ярьжээ.
Энэ шалтгаанаар эхнэрүүд нь сүүлийн үед жирэмслэлтээс сэргийлэх эм хэрэгсэл ашигладаг болсон байна. Одоо Хасахя ажилгүй, харин гэр бүлийг нь сонирхохоор ирсэн жуулчдаас бага хэмжээний орлого олдог болжээ.
“Эхнэрүүд маань жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэдэг болсон. Хариуцлагагүйгээсээ болж, тэжээж дийлэхгүй олон хүүхэдтэй болсон алдаанаасаа сургамж аваад одоо дахин хүүхэд нэмэх бодолгүй болсон” гэж тэр ярьсан байна.
Хасахя анхны эхнэртэйгээ 1972 онд буюу 17 настайдаа гэрлэж, дараа жил нь анхны хүүхдээ төрүүлж байжээ.
“Эхээсээ ах дүү хоёулхнаа байсан тул би эцэг эх, найз нөхөд, хамаатан садныхаа зөвлөгөөгөөр олон хүүхэнтэй гэрлэж, олон хүүхэд төрүүлж, гэр бүлээ өргөжүүлсэн” гэж Хасахя дурссан байна.
Тухайн үедээ мал, махны худалдаачин байсан, боломжийн амьдралтай түүнд тосгоны айлууд охиноо өгөх хүсэл сонирхолтой байжээ. Зарим нь бүр 18 хүрээгүй жаахан охидоо гэрлүүлдэг байсан гэнэ.
Уганда улсад 1995 оноос насанд хүрээгүй хүнтэй гэр бүл болохыг хориглож эхэлсэн ч шашны уламжлалын дагуу олон эхнэртэй байхыг зөвшөөрдөг.
Одоо Хасахягийн хүүхдүүд 10-аас 50 хүртэл настай бол хамгийн залуу эхнэр нь 35 настай юм байна.
“Анхны болон сүүлд төрсөн хүүхдийнхээ нэрийг л санадаг. Хүүхдүүдээ ялгаж танихад ээжүүдээс нь туслалцаа авахад хүрдэг нь хэцүү” гэж тэр ярьжээ. Зарим эхнэрүүдийнхээ нэрийг ч санахгүй болсон тул тэр сүүлд бага сургуулийн багш, 30 настай хүүгийнхээ тусламжтайгаар гэр бүлийн бүртгэл хөтлөх болсон гэнэ.
Хасахя бас гэр бүлийн дотоод асуудлаа шийдэхийн тулд сард нэг удаа хуралддаг болжээ.
Гэхдээ 4,000 орчим хүнтэй Бусига тосгоны эрх баригчид Хасахяг сайн эцэг бөгөөд хүүхдүүд нь ямар нэг хэрэг төвөгт орооцолддоггүйг магтан ярьсан байна.
Бусига тосгоны оршин суугчдын ихэнх нь бага хэмжээний газартаа цагаан будаа, кофе тариалж, үхэр өсгөж амьдардаг гэнэ.
Хасахягийн гэр бүлийнхэн тосгоныхоо айлуудын ажил, амьдрал ахуйд туслах замаар хоол хүнс, хэрэглээний мөнгөө олдог ажээ.
Түүний гурав дахь эхнэр Забина “Хоол хүнс арай ядан хүрдэг. Бид хүүхдүүдээ өдөрт нэг удаа, сайн тохиолдолд хоёр удаа л хооллож байна” гэж ярьсан юм. Тэрбээр олон эхнэртэйг нь мэдсэн бол Хасахятай гэрлэхгүй байх байснаа хэлжээ.
“Надтай гэрлэснээсээ хойш тэр дөрөв, тав дахь эхнэртэйгээ дараалан гэрлэж байв. 12 дахь эхнэртэйгээ гэрлэснийх нь дараа би хувь заяатайгаа эвлэрсэн” гэж Забина ярьж байна.
Одоогоор Хасахягийн хоёр эхнэр салж, гэрээс нь явжээ. Гэрт нь багталцахгүйгээс болоод өөр гурван эхнэр нь тосгоноос хоёр километр зайтай оршдог өөр тосгонд амьдрах болсон байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!