Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Лхамсүрэн: Зөвлөлдөх санал асуулгад оролцож буй хүмүүст 10,000 төгрөгийн урамшуулал олгож байгаа

Б.Бадамгарав, IKon.mn
2023 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Зөвлөлдөж шийдье" санал асуулгад Монгол Улсын 3.4 сая иргэнийг төлөөлүүлэн 1,570 хүнийг хамруулж байгаа. 

Эдгээр иргэнд ямар хэмжээний урамшуулал олгож байгаа талаар болон санал асуулгын явцыг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ны дэд дарга Д.Лхамсүрэнгээс тодрууллаа.

-"Зөвлөлдөж шийдье" санал асуулгад оролцож буй 1,570 иргэнд ямар урамшуулал олгож байгаа вэ?

-Санал асуулгын судалгаанд оролцож буй хүмүүст 10,000 төгрөгийн урамшуулал олгож байгаа.

Олон улсын статистикийн байгууллагын туршлага болоод ҮСХ-ны хувьд ч судалгаанд оролцсон иргэдэд тодорхой хэмжээний урамшуулал олгодог тогтолцоо байдаг. Мэдээлэл өгч буй иргэний ажлын цаг заваас ашиглаж байдаг тул урамшуулал өгдөг жишиг бий .

-Эдгээр иргэнийг Монгол Улсын 3.4 сая иргэнийг төлөөлнө гэж сонгосон. Сонгосон аргачлалаа тайлбарлаж өгнө үү?

-Зөвлөлдөх санал асуулгын мэдээлэл цуглуулалтад оролцох иргэдийг сонгох аргачлалыг ҮСХ баталсан. Аргачлалаа боловсруулахдаа эрдэмтэн судлаачид, их, дээд сургууль болон эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөллийг нээлттэй оролцуулж, хэлэлцүүлэг хийсэн. 

Ингэхдээ түүврийн арга зүйгээр буюу орон нутгийн хүн амд пропорционал хэлбэрээр тооцоход нийслэлээс 720, орон нутгаас 850 хүн сонгогдсон.

-Санал асуулгын явц хэдэн хувьтай үргэлжилж байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар 90 гаруй хувьтай байна. Хугацаа ёсоор хоёрдугаар сарын 2-ны дотор мэдээлэл цуглуулсан байх ёстой.

-Уг ажлын нийт төсөвт өртгийн талаар мэдээлэл өгч болох уу?

-Статистикийн байгууллага нь өрхөд суурилсан судалгаа авдаг гэрээт мэргэшсэн судлаач нартай байдаг. Улсын хэмжээнд нүүр тулсан ярилцлагаар буюу иргэнтэйгээ уулзаж санал асуулгаа авч байгаа. Энэ удаагийн санал асуулгын онцлог нь сонгогдсон иргэн гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа бол цахим хэлбэрээр видео хурлын системээр ярилцлага авч байна

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд ҮСХ нь зөвлөлдөх санал асуулгын санал авах ажлыг гүйцэтгэх заалттай. Тэр хүрээнд манай байгууллага мэдээлэл цуглуулалтын ажлыг нь л хариуцаж байгаа. 

-Санал асуулгад хамрагдахад хэр хугацаа шаардах вэ?

-Судлаач санал асуулгаа уншиж танилцуулаад, судалгаагаа эхэлдэг. Нэг иргэнээс мэдээлэл авах хугацаа нь дунджаар 30-45 минут үргэлжилнэ