Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Пүрэвсүрэн: Ил тод мэдээллийн хууль хэрэгжихгүй байгаа нь төсвийн хэмнэлтээр бүх сургалтыг хориглосонтой холбоотой

Т.Буяндэлгэр, iKon.mn
2023 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Глоб Интернэшнл" төв "Иргэдийн мэдэх эрх хангагдаж байна уу?" сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулсан.

Хэлэлцүүлгийн үеэр "Глоб Интернэшнл" төвийн хуульч Б.Пүрэвсүрэн "Мэдээлэл авах эрх чөлөө ба Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн мониторинг" сэдвээр илтгэл тавив.

Тэрбээр илтгэлдээ "2022 оны тавдугаар сарын нэгнээс Мэдээллийн ил тод байдлын тухай хуульд дөрвөн чиглэлийн хүрээнд мониторинг хийсэн. Судалгааг иргэд, төрийн албан хаагчдын мэдлэг, ойлголт ямар түвшинд байна, нээлттэй мэдээллийг мөн хэдэн хувьтай ил тод болгосон гэдэг дээр тулгуурлаж хийсэн. 

Ингэхдээ долоон аймаг, нийслэлийн хоёр дүүргийг сонгон авсан. Судалгааны хүрээнд мэдээлэл хариуцагч байгууллагын албан хаагчид 485, иргэд 900 гаруй, нийт 1,413 иргэн, албан тушаалтан хамрагдсан.

Энэхүү судалгаагаар хууль батлагдсантай холбоотой иргэд, төрийн албан хаагчдын мэдлэг хангалтгүй гэж дүгнэгдсэн.

Судалгаанд хамрагдсан иргэдийн 68 хувь нь энэ төрлийн мэдээллийг аваагүй, төрийн албан хаагчдын 66 хувь мэдлэг дутмаг байна гэсэн дүн гарсан. 

Мөн 58 байгууллагыг хамруулж үзэхэд  нийт 44 төрлийн мэдээллийг нээлттэй болгох ёстойгоос 58.5 хувь буюу 38 байгууллага нээлттэй болгосон байна.

Энэхүү хуулиар зургаан чиглэлийн 68 төрлийн 600 гаруй мэдээлэл нээлттэй байх ёстой ч одоогийн түвшин хангалтгүй байна. Үүнд Засгийн газар хууль баталсантай холбоотой өөрийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй, хууль хэрэгжилттэй холбогдох хэд хэдэн журмыг батлах ёстой байснаас өнөөдрийг хүртэл бүрэн гүйцэд батлаагүй байгаа нь нөлөөлсөн.

Энэ талаарх сургалт, танилцуулгыг иргэдэд хангалттай хүргээгүй, 2022 оны дөрөвдүгээр сарын 29-нд Төсвийн хэмнэлтийн тухай хууль батлагдсан. Энэ хуулиар бүх шатны сургалтыг хориглосон нь иргэдэд ил тод мэдээллийн хууль хэрэгжихгүй байх гол шалтгаан болж байна. 

Мөн бид судалгаагаа иргэдийн нээлттэй мэдээллээс гадна хязгаарлагдмал мэдээллийг амаар, бичгээр, цахимаар гээд бүх төрлөөр авахаар хүссэнийг үндэслэсэн.

Нийт мэдээлэл хариуцсан байгууллагын

  • 47 хувь нь иргэдийн хүсэлтэд хариу өгдөггүй,
  • 4 хувь нь дутуу мэдээлэл өгдөг,
  • 49 хувь огт мэдээлэл өгөөгүй гэсэн дүн гарсан. 

Аймгуудын тухайд Орхон аймаг мэдээллээ ил тод болгосон үзүүлэлтээр улсын хэмжээнд тэргүүлсэн бол Баян-Өлгий аймаг хамгийн бага 18 хувийн гүйцэтгэлтэй байна. 

Нийслэлийн хоёр дүүргийн хувьд Сонгинохайрхан дүүрэг 20 гаруй хувь, Баянзүрх дүүрэг 51 хувийн үзүүлэлттэй гарсан.

Иргэний нийгмийн чиг үүрэг өндөр, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд голлох үүрэгтэй аймгууд мэдээлэл ил тод болгосон байдлаараа өндөр байна" хэмээн дурдлаа.