Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бекболат: Хариуцлагатай, орон нутагтаа ээлтэй аялал жуулчлал хөгжүүлэхээр хичээж явна

ikon.mn
2023 оны 1 сарын 27
Сурталчилгаа

Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ нь цар тахлын улмаас уналтад ороод байсан аялал жуулчлалын салбар тэр дундаа дотооддоо аялал жуулчлал хөгжүүлэхээр ажиллаж байгаа олон компаниудад сэргэх боломж, итгэл найдварыг бий болгож буй юм. Тэдгээрийн нэг болох Баян-Өлгий аймгийн Аялал жуулчлалын холбооны тэргүүн, “Бэст Алтай Экспедишн” ХХК-ийн захирал Б.Бекболатыг бид энэ удаагийн ярилцлагынхаа зочноор урьсан юм. 

Тэрбээр цаст Алтай нутгийнхаа үзэсгэлэнт байгаль, мөнх цаст уулуудаар гадаад болон дотоодын 12 мянган аялагчийг аялуулсан туршлагатай хөтөч, аялал жуулчлалаар дамжуулан орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж, ажлын байр бий болгож яваа амжилттай бизнес эрхлэгч юм. 

зураг
 

- Баян -Өлгий аймаг сүүлийн жилүүдэд  дотоодын аялал жуулчлалын гол бүс, хүмүүсийн очихыг хүсдэг газар болжээ. Гэхдээ танай компани үүнээс бараг 15 жилийн өмнөөс энэ нутагт аялал жуулчлал хөгжүүлэхээр ажиллаж ирсэн. Анх яагаад  энэ бизнесийг эхлүүлж байсан тухай нь эхлээд асуумаар санагдлаа.

Тийм ээ. Ковидийн дараа Баян-Өлгий руу дотоодын аялагчдын цуваа эргэсэн. Энэ нь нэгдүгээрт цар тахал гарсан 2 жилд гадагшаа аялах боломж хумигдсан, хоёрдугаарт 2019 онд баруун аймгууд хатуу хучилттай замаар холбогдож дууссан нь нөлөөлсөн болов уу. Мэдээж манай аймаг байгалийн онгон төрх, уул ус, гол нуур ихтэй, газарзүйн хувьд тун өвөрмөц, бусад аймгуудаас хэл, соёл, шашин шүтлэгээрээ ялгаатай нь дотоодын аялагчдыг ихэд татдаг. Дотоодын аялагчид ирдэг болсноор Баян-Өлгий аймаг, казах иргэдийн талаар бодит мэдээлэлтэй болох, тэдний өв соёлтой танилцаж, ястан, үндэстнүүд өөр хоорондоо зөв ойлголттой болоход том түлхэц болсон гэж бодож байна.

Миний энэ салбартай холбогдсон түүх гэвэл, ер нь  би 3-4-р курсийн оюутан байхаасаа л аяллын туслахаар явж эхэлсэн юм. Анх 2001 онд оюутны байрны ахынхаа компанид аяллын туслах хийдэг байлаа. Дараа жил нь дахиад явсан. Удахгүй аяллын улирал ч дуусаад намар нь төрийн албанд ажилд орохоор олон газраар явсан боловч намайг ажилд авах газар олдсонгүй. Би чинь МУИС-ийг Экологич, химийн багш мэргэжлээр төгссөн юм шүү дээ.

Тэгээд би Англи хэл сурахаар шийдэж аймгийн төвд Англи хэлний сургалт явуулж буй Энх тайвны корпусын сайн дурын ажилтан дээр очлоо. Крис багш сургалтаа эхлүүлээд 1 сар болсон, хэрэв өнгөрсөн хичээлүүдийг гүйцээд сурч чадна гэвэл орж болно гэв. Сургалтын төлбөр 100,000 төгрөг. Ингээд би дахиад аав ээжээсээ мөнгө гуйхаар Сагсай сум руу явж байлаа.

Таван сарын дараа би Англи хэлний сургалтаа төгсөөд 2007 оныг хүртэл “Монголиан экспедишин” ХХК-ийн орон нутгийн аяллуудад туслах, жолооч, хөтөч зэрэг ажлуудыг хийж байгаад 2007 онд “Алтай Пикс” нэртэй өөрийн компаниа байгуулсан түүхтэй.

Тэгээд 2009 онд Швейцарын хөгжлийн агентлагийн гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрт хамрагдаж бүрэн тавилгатай 3 эсгий гэр, аяллын бусад тоног төхөөрөмжүүдийг авч “Алтай Пикс” нэртэй гэр баазаа 4 гэртэй эхлүүлж байлаа. Энэ төслийнхөө санхүүжилтээр аймгийн төвд жуулчны мэдээллийн төвийг нээж ажиллуулсан.Тэрнээс хойш энэ салбарт тасралтгүй хүчин зүтгэж явна даа.

зураг
 

- Аяллын туслахаас эхлүүлсэн компани тань 15 жилийнхээ ойтой золгож байгаа юм байна. Тэгэхээр энэ хугацаанд та бүхний бизнесийн зорилго юу байв, бусдаас ялгаатай эсвэл давуу тал гэж боддог зүйл тань юу вэ?

Бид улс орноо зөв сурталчлан таниулах, орон нутагт шинээр ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийг түшиглэсэн эко аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго тавин ажиллаж ирсэн. Өнөөдөр манай компани салбар дотроо өрсөлдөх бүрэн чадвартай болж өсөж өндийсөн байна. Бид өөрсдийн зочид буудал, гэр бааз, гэст хаус, кофе шоп, гар урлалын бүтээгдэхүүн хөгжүүлэх, аялал зохион байгуулах гээд олон чиглэлээр зэрэг үйл ажиллагаа явуулж байгаагаараа бусад орон нутгийн компаниудаас давуу талтай.

Бас нутаг орныхоо газар зүйн байдал, ард иргэдийнхээ өв соёлыг  сайн мэддэг баг, хамт олныг бүрдүүлж чадсанаар орон нутагтаа ямар ч аяллыг чанарын өндөр түвшинд зохион байгуулж үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээж байна. Цаашдаа бид салбар дотроо улам системтэй, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангаж ажиллах талаар зорилго тавин ажиллаж байна.

зураг
 

- Алтай таван богд уул бол байгалийн үзэсгэлэнт газар гэдгээс гадна экологийн хувьд их эмзэг газар нутаг. Мөнх цас, мөсөн гол нь байгалийн тэнцвэрийг хадгалж, цэвэр усны эх үүсвэр болж байдаг. Ийм газарт байгаль орчинд хор хөнөөл багатай аялал жуулчлал эрхлэх нь юу юунаас илүү чухал. Энэ тал дээр та бүхэн хэрхэн анхаарч ажилладаг вэ?

Алтай Таван богд уул бол Монголын дээвэр гэж хэлж болно. Ер нь 4000 метрээс дээш өндөртэй уулуудтай харьцуулахад өөрийн гэсэн онцлогтой, мөнх цас мөсөн голтой ийм уул шүү дээ. Тиймээс жуулчид дэлхийн өндөр зэрэглэлтэй уулуудад авирахаас өмнө Алтай Таван Богд ууланд ирж өндөр авах, биеэ дасгах, бэлтгэл хангахад маш тохиромжтой уул гэж ярьдаг. Энэ утгаараа бусад орны уулчид ирж авирах сонирхолтой байдаг. Мөнх цас, мөсөн голуудын хувьд Монгол орны хамгийн том мөсөн гол, мөстлөгийн ихэнх хэсэг нь энэхүү Таван Богд ууландаа байдаг учраас ундны усны нөөцийг бүрдүүлдэг онцлогтой.

 Гэвч сүүлийн жилүүдэд өвөл нь хангалттай хэмжээний хур тунадас орохгүй, дэлхийн дулаарлын улмаас мөсөн голын хэмжээ маш ихээр багасаж байна. Тиймээс бидний хувьд энэ сайхан эх орныхоо ноён оргилууд болох мөнх цастай  уулуудаа хамгаалж, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх нь маш чухал байгаа.

Алтай Таван Богдын уул ус, газар шороо, ан амьтан, ургамлын аймгийг хамгаалж, хог хаягдалгүй аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бид үргэлж анхаарч ажилладаг. Сүүлийн жилүүдэд дотоодын жуулчид Алтай Таван Богд уулын ерөнхийлөгчийн овоо хүртэл машинаар гарч газар шороог маш ихээр эвдэж байгаад харамсдаг.

Уг нь бүх жуулчид доор байгаль хамгаалагчийн хаалт хүртэл машинаар очоод тэндээ машинаа орхиод дээшээ явган эсвэл морь тэмээтэй явдаг бол нэгдүгээрт нутгийн иргэдийг дэмжсэн, хоёрдугаарт газрын хөрсийг эвдэхгүй байх сайн талтай байгаа юм. Цаашид аялагчид энэ тал дээр анхаарах хэрэгтэй. Гадаад жуулчид бол заавал явган эсвэл морьтой явдаг.

зураг
 

- Аялал бол адал явдал дурсамж шүү дээ. Таны аяллуудаас хамгийн мартагдашгүй сэтгэгдэл үлдээсэн ямар аялал байсан бэ?

Би баруун аймгуудад хийдэг бүх аяллууд тэр дундаа явган болон уулын аяллуудад их явсан. Уулын аялал чинь цаг уураас ихээхэн хамаардаг, маш их цаг хугацаа, хүн хүчний хөдөлмөр тэвчээр шаардсан адал явдалтай аялал.

Нэг удаа гадаадын хэдэн жуулчидтай Таван Богдын Хүйтний оргилд авиралт хийхээр яваад мөсөн гол дээр майхандаа 3-4 хонож байсан маань хамгийн мартагдашгүй аялал болж байлаа.. ОУХМ, Гавьяат тамирчин Б.Гангаамаа бид хоёр Америкийн жуулчидтай хамт явж байсан юм. Яг мөсөн голын хонодог толгойд буугаад байтад  2 хоног, өдөр шөнөгүй цасаар шуурч хоноод хоол хүнс маань ч дууслаа. Тэгээд бид өндрийн кемпээ нүүлгэж Хүйтний оргилын урьд хонодог толгой руу шилжүүлж би бэйс кемп руугаа  хоол хүнс авч ирэхээр явлаа.

Доошоо бэйс кемп дээр ирээд хоол хүнсээ аваад үүрээд буцаад яг гэгээ тасарч байхад өндрийн кемп дээрээ ирсэн юм. Шинэ кемп дээрээ хоноод өглөө үүрээр босоод иртэл нэг ч үүлгүй тэнгэр маш цэлмэг, цаг агаар сайхан болсон байсан. Бид үүрээр 3 цаг өнгөрөөгөөд босож 3 шөнө хүлээсэн авиралтаа эхлүүллээ. Гэтэл 200 м орчим дээшээ гараад байтал нэг жуулчных нь бие тавгүйрхэж эхэлсэн учир би нөгөө хүнийг аваад доошоо бууж харин Б.Гангаамаа гавьяат маань бусад хүмүүсийг аваад авиралтаа үргэлжлүүлж билээ. Тэр хэд маань арван хэдэн цаг яваад жуулчдын хүсэн хүлээсэн оргилдоо гарчхаад бууж ирж байлаа. Энэ аяллын талаар ОУХМ, Гавьяат тамирчин Б.Гангаамаа өөрийнхөө “Үзэгчгүй үнэн” номдоо тэмдэглэн өгүүлсэн байна лээ.

Ер нь энэ мэтээр аялах үед маш олон, сонирхолтой  үйл явдал байнга болно. Тэглээ гээд хэцүү хатуу гэхээсээ илүү, хамгийн гол нь ямар ч ажил хийсэн ч бай, аялал хийсэн ч замаас буцахгүй тууштай байхад амжилтад хүрдэг, аялал маань ч ажилттай болдог гэж итгээд чин сэтгэлээсээ ажлаа хийдэг.

зураг
 
Эверест ууланд 2 удаа хүчилтөрөгчгүй авиралт хийж дэлхийн ректорт тогтоосон анхны эмэгтэй уулчин, Шинэ Зеланд улсын иргэн Лидиягийн хамт Таван Богдын Хүйтний оргилд

- Мэдээж энэ бизнесийг хийж байх үед шантрах эргэлзэх үе тохиож байсан байх. Тэр үед юунаас урам зориг, эрч хүч  авч аяллаа үргэлжлүүлдэг байсан бэ?

Тийм ээ. Ямар ч ажилд асуудал, саад бэрхшээл үргэлж байдаг. Гэхдээ миний хувьд аливаа асуудлын голыг нь олж зөв шийдээ олохын төлөө эрж хайдаг. Тэгж гаргасан шийдвэр маань үргэлж зөв байж, асуудлыг шийдэж байдаг.

Хүн өрөө хичээвэл болж бүтэхгүй зүйл гэж үгүй гэдэг зарчмыг баримталж ажилладаг нь миний ажлын нэгэн давуу тал юм болов уу. Төгссөн мэргэжил маань өөр учраас энэ салбарт орж ажиллах, ийм амжилт гаргах хүртэл мэдээж маш олон бэрхшээлүүд байсан. Үүнийг зөв даваан туулахад  бүр анхнаас нь эхлээд бүх ажлыг өөрөөр хэлбэл жолооч, хөтөч, тогооч  гээд эд эс болгон дээр нь өөрөө биеэрээ мэдэрч, хийж ирсэн маань  системтэй зөв явахад сургасан. Хүн зөв хөдөлмөрлөж, зөв явахад амжилт  хэзээ нэгэн өдөр ирдэг гэдэгт би 100 хувь итгэдэг учир тохиолдсон бүх саад бэрхшээлүүдийг даван тулж бизнесээ энэ хүртэл хөгжүүлж чадсан гэж боддог.

зураг
 

- Засгийн газраас ирэх 3 жилийг Монголд зочлох жил болгон зарлалаа. Саяхан таныг бас аймгийнхаа аялал жуулчлалын холбооны даргаар сонгогдсон гэж сонссон. Тэгэхээр гадаадын аялагчдын хувьд Монголд хийх хамгийн сонирхолтой аяллын маршрут болохын хувьд та бүхэн ирэх жилүүдэд хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ?

Тэгсэн. Энэ шийдвэр аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэж харж байна. Мөн Монгол улсын засгийн газрын тэргүүн өөрөө аялал жуулчлалыг хөгжүүлэх багийг ахлан ажиллаж байгаа нь маш том найдвар төрүүлж байна.

Монгол оронд ард иргэдээ  түшиглэсэн эко аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломж бий гэж хардаг. Бид чинь нүүдэлчдийн соёлыг авч үлдсэн хамгийн сүүлийн хүмүүс гэдгээрээ дэлхийн хаана ч байхгүй эко аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж болдог. Тийм учраас ард иргэдэд энэхүү нүүдэлчдийн агуу их соёлыг улам сайн хадгалж, хамгаалах, зөв хөгжүүлэх талаар мэдээлэл өгч, мэдлэг олгож хамтраад аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой.

зураг
 

Намайг саяхан аймгийн аялал жуулчлалын холбооны тэргүүнээр сонгосон. Өмнө нь нийгмийн сайн сайхны төлөө ажил хийдэг маш олон ТББ-уудад ажиллаж байсан туршлагатай хүн, магадгүй миний энэхүү туршлага, мэдлэг чадварыг минь энэхүү салбарын хөгжилд ашиглах гэсэн үүднээс намайг сонгосон болов уу гэж бодож байна. Аль ч улс оронд мэргэжлийн холбоод нь тухайн салбарын бодлогыг тодорхойлж төртэй нягт хамтарч  ажилладаг.

Нөгөө талаас  ашгийн бус иргэний нийгмийн байгууллагуудын засаглал бусдад маш тодорхой нээлттэй байх хэрэгтэй. Тэгж байж энэ салбарын бүх хүмүүс нэгдэж нэг санаа бодол, нэгдсэн бодлогын хүрээнд хамтран ажиллаж салбараа хөгжүүлэх ёстой. Тийм учраас би энэхүү салбарын бусад олон туршлагатай мэргэжилтнүүдийн дэмжлэгийг авч хамтран ажиллаж бүгдээрээ хамтдаа салбараа хөгжүүлнэ гэсэн бодолтой байна.

Тиймээс та бүхэн маань манай сайхан нутгаар зочлон ирээрэй. Бид зочдоо найрсгаар угтан өөрсдийн мэдлэг туршлага бүхнээ зориулаад нутаг орныхоо гайхалтай сайхан бүхнийг үзүүлээд зочдоо өндөр сэтгэгдэлтэй, сайхан дурсамжтай үлдээхийн төлөө хичээн үйлчлэх болно гэж хэлмээр байна.

- Энэ бүх хийхээр төлөвлөсөн ажилд тань амжилт хүсье. Баярлалаа

Та бүхэн тус компанийн талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл altaiexpeditions.com вэбсайт болон www.facebook.com/altaiexpedition фэйсбүүк хуудсаар зочлоорой. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.