Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт алаг цоог буюу "Улбар шар" түвшинд хүрчээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Халдварт Өвчний Үндэсний Төвөөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл өгч байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгаа эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа "2023 оны нэгдүгээр сарын 9-ний байдлаар улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт алаг цоог буюу "Улбар шар" түвшинд хүрчээ. Уг өвчин сүүлийн гурван долоо хоногт тогтвортой нэмэгдэж байна.

Томуугийн өвчлөлийг үүсгэж давамгайлан эргэлдэж буй вирус нь В, А, H1N1. А хүрээний вирус илүү голлож байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 30% нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа нь өнгөрсөн долоо хоногийнхоос 6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт.

Яаралтай тусламжийн тасагт үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн 72%, хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 85%, сэхээнд байгаа хүүхдүүдийн 76% нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна.

Эмнэлгийн орны хувьд 619 орыг нэмэлтээр дэлгэсэн. Үүнээс 407 нь Улаанбаатарт, 212 нь орон нутагт байна.

Өнгөрсөн аравдугаар сард эхэлсэн томуугийн дархлаажуулалт Улаанбаатарт 78% орон нутагт 87, улсын хэмжээнд 82%-д хүрсэн. Томуугийн вакциныг 5 хүртэлх насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэй, 65-аас дээш насныхан, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, бусад байгууллагын ажилтнуудад хийж байгаа юм. Үүнээс хүүхдийн хамрагдалт 99%, жирэмсэн эмэгтэйчүүдийнх 19, 65-аас дээш насныхан 74%, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудынх 85%-тай байна.

ХӨСҮТ-д 211 хүүхэд томуу, томуу төст өвчнөөр хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдлын хувьд маш хүнд хүүхэд байхгүй, 7% хүнд, 30% дунд, 60% хүндэвтэр ангилалтай.

Томуу, томуу төст өвчний эмнэл зүйн шинж тэмдэг нь халуурах нус гоожих, ханиалгах, амьсгаадах.

Дэлхий нийтэд томуугийн AH3N2 вирус давамгайлж байна. БНХАУ-д AH3N2, B, БНСУ-д AH3N2, Японд AH3N2, А, ОХУ-д AH3N2, AH1N1, B  хүрээний вирус давамгайлан эргэлдэж байгаа мэдээлэлтэй" гэв.

Томуу болон коронавирусийн халдварын эдгэрэлтэд агаарын бохирдол нөлөөлж буйг албаныхан мэдээллээ.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/nccdgov/videos/522900466312273