Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Даатгагчийн баталгаа" сэдэвт уулзалт хэлэлцүүлэг боллоо

ikon.mn
2022 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы энэ сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталсан.

Үүнтэй холбогдуулж Санхүүгийн зохицуулах хороо, Монголын даатгалын холбоо хамтран “Даатгагчийн баталгаа” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.  

зураг
 

Уулзалт, хэлэлцүүлгийг нээж Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж, даатгагчийн баталгаа гаргах эрх зүйн орчныг бүрдүүлснээр даатгалын салбар төдийгүй, санхүү, эдийн засгийн салбарт эерэг өөрчлөлтүүдийг авчирна гэж харж байна.Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр даатгалын компаниуд иргэд, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн зээлийн баталгаа, барьцаа хөрөнгийн дутагдлыг арилгаж, улс орны бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүд, орон сууцжуулалт, жижиг дунд үйлдвэрлэлийг хэвийн, найдвартай явуулах нөхцөлийг бүрдүүлэгч, батлан даагч болох боломжтой боллоо.

Нөгөө талаар даатгалын салбарын хамрах хүрээ, нийгэм эдийн засагт үзүүлэх үр нөлөө нэмэгдэхийн хэрээр зохицуулагч байгууллага болон салбарын оролцогчид та бидний хувьд даатгагчийн баталгаа гаргах үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд буюу нарийн төлөвлөлт, судалгаа шинжилгээ, мэдээллийн сан, мэргэшсэн боловсон хүчин, удирдлага зохион байгуулалтын чадварлаг, ёс зүйт бүтэц, бүрэлдэхүүн бүхий эрсдэлийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэн гүйцэтгэх зайлшгүй шаардлага бий болоод байна.

Санхүүгийн салбарт шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, тэдгээрийн хууль эрх зүйн орчныг бий болгон хөгжүүлэх, практикт бодит үр дүнг бий болгоход төр хувийн хэвшлийн, тэр дундаа зохицуулагч байгууллага болон салбарын оролцогчид, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй” гэдгийг онцоллоо.

зураг
 

Уулзалт, хэлэлцүүлэгт Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Монголын даатгалын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо болон даатгалын компаниудын төлөөлөл оролцож, холбогдох хуулиудад оруулсан нэмэлт өөрчлөлт, даатгагчийн баталгаа гаргах үйл ажиллагаа, түүний ач холбогдол болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулж, даатгалын салбарын оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцлоо.

зураг
 

Хэлэлцүүлгийн явцад салбарын оролцогчдын зүгээс даатгагчийн баталгааны үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор зохицуулалтын орчин, салбарын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, эрсдэлийн үнэлгээ хийх чиглэлээр дундын нэгдсэн зохион байгуулалтад орох зэрэг ажилд салбарын оролцогчдын цаашдын хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай байгаа талаар санал илэрхийлсэн бол Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун “Даатгагчийн баталгаатай холбоотой зохицуулалтын орчныг бүрдүүлэх, холбогдох журмыг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд даатгалын салбарын оролцогчдын төлөөллийг оролцуулахад зохицуулагч байгууллагын зүгээс нээлттэй” болохыг илэрхийлсэн.

Энэхүү нэмэлт өөрчлөлт нь даатгалын салбарын үйлчилгээний эрэлт болон нийлүүлэлтийг өсгөн, төрийн эрсдэлийг бууруулсан, иргэд, хувийн хэвшлийнхэнд учирч буй санхүүгийн хүндрэлийг эдийн засгийн үр өгөөжтэй байдлаар шийдвэрлэх,  салбарын хамрах хүрээ, хүртээмж, эрсдэлийн удирдлага, санхүүгийн чадамжийг дээшлүүлэх, санхүүгийн салбарт зөв зүйтэй өрсөлдөөнийг бий болгох, улмаар олон тулгуурт санхүүгийн зах зээл, эдийн засгийг дэмжсэн бодлого, эрх зүйн чухал үр нөлөөтэй алхам болсон гэж оролцогчид санал нэгтэй дүгнэлээ.