Тавантолгой-Гашуунсухайт нь манай улсын нүүрсний экспортын гол гарцын нэг.
Харин экспортыг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийн зардлыг бууруулахаар тавьсан төмөр зам одоогоор хилийн цэгээс гурван километрийн зайтай байгаа. Үүнийг цааш БНХАУ-ын Ганцмод боомттой холбоход өндрийн түвшинд ялгаатай, инженерийн зураг төсөлд алдаа гарсан тул хоёр замыг холбох боломжгүй гэх зэрэг мэдээлэл бий.
Энэ талаар гүйцэтгэгч тал болох "Бодь интернэшнл" группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалангаас өчигдөр мэдээлэл хийх үеэр нь тодруулахад "БНХАУ-ын Ганцмод хотын цаанаас төмөр зам ирээд Монголын хил дээр тулж зогссон. Түүнтэй Монголын төмөр зам холбогдоно. Хүмүүс инженерүүд алдаа гаргасан эсвэл Хятадын талаас өндөр төмөр зам барьж түвшний зөрүү гаргасан гэх мэтээр хүмүүс яриад байгаа. Ганцмод хот нь өндөрлөг газарт оршдог. Цаанаас орж ирж байгаа төмөр зам нь уулыг сэтэлж нааш орж ирсэн. Монголын талын хил рүү орж ирэхэд том сайр хэсэг бий. Тиймээс түвшний зохиомол зөрүү биш. Монголчууд тэр төмөр замтай холбогдохын тулд гүүр барихаас өөр аргагүй. Энэ бол хэн нэгний алдааг биш, зохиомол зүйлс ч биш.
Энэ оны наймдугаар сард хоёр улс хилийн холболтын цэгээ тохирч, гэрээ хэлцэлдээ оруулсан. Одоо Хятадын зураг төслийн компани зураг төслөө хийж байгаа. Дараа нь өртөг гарна" гэлээ.
Одоогоор нүүрсийг төмөр замаар тээвэрлээд улсын хилээс гурван километрийн наана шилжүүлэн ачих терминалд буулгаж, машинаар БНХАУ-д экспортолж байгаа аж.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төсөлд нийт зургаан багц ажил байгаагийн нэг нь 16 зүтгүүр, 810 ширхэг вагон нийлүүлэх тухай юм. Энэ дагуу "400 вагон оруулж ирсэн. Тавантолгой төмөр зам өөрсдөө ашиглаж байгаа. 16 ширхэг зүтгүүр өнөөдөр үйлдвэрлэхэд бэлэн болсон. Бүх эд анги нь үйлдвэр дээрээ очиж, угсрахад бэлэн болсон. Энэ дэлхийд байж болох хамгийн хүчирхэг хөдөлгүүртэй, АНУ-д үйлдвэрлэсэн зүтгүүрийг бид захиалсан. Ирэх онд зүтгүүр орж ирнэ" хэмээн тэрбээр мөн хэлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!