Баасан гарагийн өглөө Германы нийслэл Берлин хотод байдаг дэлхийн хамгийн том цилиндр хэлбэртэй аквариум хагарснаас 1,500 орчим загас үхэж, зочид буудлын барилгыг үерт автуулжээ.
AquaDom нэртэй 14 метр өндөр аквариум хагарсан шалтгаан тодорхой болоогүй байна.
Ослын улмаас аквариум байрладаг зочид буудлын нэг давхар нэг сая литр усаар дүүрч, хагарсан шилэнд хоёр хүн шархадсан тухай Берлин хотын гал түймэртэй тэмцэх алба мэдээлжээ.
Ослын газарт 100 гаруй хүн ажиллаж байгааг бас мэдээлсэн байна.
2004 онд нээгдсэн AquaDom нь Берлин хотын аялал жуулчлалын гол үзмэрүүдийн нэг байсан юм.
Radisson Blu зочид буудалд байрладаг аквариум дундуур шилэн ханатай цахилгаан шатаар зорчиж, олон төрлийн ховор загаснуудыг амьдаар харах боломжтой байв.
AquaDom нь дэлхийн хамгийн том цилиндр хэлбэртэй, бие даасан бүтэцтэй аквариум байжээ.
Аквариум хагарах үеэр газар хөдлөх мэт хүчтэй доргилт, чимээ гарсныг зочид буудлын үйлчлүүлэгчид ярьсан байна. Үйлчлүүлэгчдийг зочид буудлаас нүүлгэн шилжүүлжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!