Соёлын яамнаас "Хүүхдийн номын хэвлэн нийтлэл, хэвлэлд тавигдах шаардлага" хэмээх стандартын төслийг боловсруулжээ.
Үүнтэй нь санал нийлэхгүйгээ хэвлэлийн газрууд илэрхийлж, дээрх стандартыг батлахыг эсэргүүцэн Соёлын сайд Ч.Номинд энэ сарын 9-ний өдөр дараах шаардлагыг хүргүүлсэн юм. Шаардлагад ямар хариу өгсөн талаар Соёлын яамнаас тодруулахад "Одоогоор хариу өгөөгүй байна" гэлээ.
Дээрх стандартын талаар Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг "Энэ стандарт шаардлага бол номын агуулгатай холбоогүй, эрүүл ахуйн шаардлага, хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон хэрэглээний гэх мэт асуудлыг тусгасан төсөл юм. Өөрөөр хэлбэл, Хүүхдийн номын стандарт нь бага, өсвөр насны хүүхдүүдийг харааны болон нуруу, тулгуур эрхтний тогтолцооны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэвлэлийн газар, хэвлэн нийтлэл, хэвлэлийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад зориулагдсан.
Унших үед харааны ачааллыг бууруулах, харааны болон бие бялдрын ерөнхий ядаргааг ихсэхэд анхааруулах, ном хэвлэлийн уншигдах чадварыг хангах зорилгоор кирилл эсвэл латин үсгээр бичсэн хүүхдийн номын хэвлэлтийн чанар, бичвэрийн чимэглэлд тавих эрүүл ахуйн шаардлагын талаар гэсэн үг" хэмээсэн юм.
Харин "Хүүхдийн номын хэвлэн нийтлэл, хэвлэлд тавигдах шаардлага"-ын талаар анхлан цахим орчинд нийтэлж, олон нийтэд мэдээлсэн "Тагтаа паблишинг" ХХК-ийн захирал Б.Баясгалан "Соёлын яамны мэргэжилтэн агуулга руу ороогүй гэж байгаа боловч энэ стандарт нь тэр чигтээ агуулга руу халдсан заалт байгаа. Хүүхдийн ч бай, том хүний ч бай ямар ч номын агуулгад Засгийн газрын нэг нэгж буюу яам нь халдаж байна гэдэг нь Засгийн газар иргэдийнхээ хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж байна гэсэн үг.
Мөн энэ стандарт нь сурах бичигт хамаарахгүй гэж байгаа. Миний бодлоор хамгийн их стандартчилж, зааж, зааварлаж, яам, Тамгын газар, төр засаг нь өөрсдөө мэдэж хийх ёстой зүйл нь сурах бичиг. Сурах бичгээс бусад ном нь энэ хүмүүсийн эрх мэдлээс гадуурх зүйл болов уу.
Агуулга нь:
Хүүхдүүд бол томчуудаас хамаагүй илүү ухаантай бодгалиуд, том ертөнц. Гэтэл таван настай хүүхэд дөрвөөс дээш дүртэй юм уншаад ойлгохгүй гэж боджээ. Хүүхдүүд ийм л юм ойлгоно, түүнээс цааш ойлгохгүй тул энэ дотор нь багтааж агуулгаа хийж өг. Тэр агуулга нь хүүхдийг зөв хүн, ёс суртахуунтай, хүмүүжилтэй болгоход чиглэсэн байх ёстой гэж байна. Бид яагаад хүүхдүүдээ ёс суртахуунгүй, хүмүүжилгүй гэж бодоод түүнийгээ гаднаас суулгаж өгөх ёстой гэж боддог юм бэ. Гэтэл хүүхдүүдтэй ярилцаад үзэхээр насанд хүрсэн ямар ч хүнээс илүү ёс суртахуунтай, мэдрэжмтэй байдаг" гэж өөрийн цахим хуудсаараа шууд дамжуулсан бичлэгийнхээ үеэр байр сууриа илэрхийлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!