Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Орон нутгаас аяллын маршрут тогтоож, заасан отоглох цэгт хоноглоогүй бол ₮100,000-аар торгох хуулийн төслийг эсэргүүцэж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Аялал жуулчлалын компаниуд Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зарим заалтыг эсэргүүцэж өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тухайн хуулийн төсөлд аялал жуулчлалын компаниудыг дарамталж шахсан, боомилсон маш олон заалтууд орсон гэж тэд шүүмжилж байгаа юм.

"Хуулийн төсөлд оруулсан тусгай зөвшөөрлийн тухай заалтыг эсэргүүцэж байна"

Энэ тухай аялал жуулчлалын компанийн төлөөлөл хэлэхдээ "Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчлэн найруулж, хэлэлцэж байгаад бид баяртай байгаа, мөн дэмжиж байгаа. Гэхдээ энэ хуулийн заалтад гол аялал жуулчлалыг авч явж байгаа хувийн бизнес эрхлэгчдээ хэт боомилж дарамталсан зүйл байгааг эсэргүүцэж, буцааж харахыг шаардаж байна.

Тухайлбал, энэ хуульд оруулсан тусгай зөвшөөрөл гэдэг бол аялал жуулчлалын салбарт байх ёсгүй. Учир нь энэ бол байгаль орчинд хор нөлөө учруулдаг, уул уурхай эрхэлдэг, ямарваа нэг байдлаар иргэдэд хохирол учруулж болзошгүй тийм үйл ажиллагаатай бизнес хийхэд тусгай зөвшөөрөл авдагтай ижил төрлийн зөвшөөрөл.

Харин аялал жуулчлалын салбар дээрх үйл ажиллагааны эсрэг буюу гэгээлэг салбар. Тийм учраас бид тусгай зөвшөөрөл хэрэггүй, өмнөх шигээ ангиллын гэрчилгээний явж байх хэрэгтэй. Үүнд энэ заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж байна" гэв.

Мөн тус хуулийн заалтад орсон зориулалтын газар отоглоогүй бол торгох заалтыг эсэргүүцэж байгаагаа хэллээ.

"Төрөөс иргэдэд аяллын боловсрол олгох ёстой болохоос хааж боож, торгох ёсгүй"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ тухай Степ Монголиа ХХК-ийн захирал Ч.Бат-Эрдэнэ “Монгол хүн бүрд эх орондоо аялж зугаалж майхнаа бариад отоглож буух эрх нь бий. Олон улсын жишгээр аливаа улс орны дотоодын аялагч нар нь аялал жуулчлалынхаа 70-80 хувийг бүрдүүлж байдаг. Гэтэл дотоодын аялагч нарынхаа эрх ашгийг хамгаалах талаар заалт энэ хуулийн төсөлд огт алга.

Харин ч бүр улсын болон орон нутгийн аялал жуулчлалын бүс гэдэг нэр томьёог энэ хуульд оруулж ирж, энэ цэг дээр отоглох цэг дээр хоноглоогүй л бол нэг хүн 100,000 төгрөгөөр торгуулахаар заасан байна. Гэтэл өнөөдөр байгалийн үзэсгэлэнт газруудад отоглох цэгийн хүрэлцээ маш муу байдгийг анхаарах ёстой.

Мөн монголчууд одоо л хог хаяхгүй аялаад сурчихсан, тэд аяллын боловсролд маш сайн суралцаж байгаа. Ийм үед төрөөс иргэдэд аль болох зөв аялуулах талаас аяллын боловсрол олгох ёстой болохоос хааж боож, торгох ёсгүй. Тиймээс энэ заалтыг эсэргүүцэж байна” гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр, аялал жуулчлалын компаниудын гол бүтээгдэхүүн бол маршрут байдаг. Гэтэл аяллын маршрутыг хүртэл орон нутгийн засаг захиргаа журамлаж, батална гэсэн заалт орсон нь төрийн хүнд суртлыг энэ салбарт бий болгох зүйл.

Төрийн тусгай зөвшөөрлийн ард үргэлж авлигал, хээл хахууль нуугдаж байдаг. Гэтэл ганц улс төржөөгүй манай салбарыг ингэж цаашид улс төржүүлэх байдлаар тэд хандаж байна. Хувийн хэвшлийнхэн дарамтгүй ажлаа хиймээр байгаа тул энэ хуульд хулгайгаар орсон тухайн заалтуудыг өөрчлөх шаардлагатай гэдгийг нэмж хэллээ.

"Аяллын маршрутыг төр тогтоох нь оёдолчинд ямар загвартай хувцас оёхыг нь заахтай адил зүйл"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

New Milestone компанийн захирал Н.Адъяаболд “Манайх аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулаад 18 жил болж байна. Манай салбар бол хамгийн шударга өрсөлдөөнтэй явсаар ирсэн. Гэтэл шинэ хуулиар төр зөвхөн тусгай зөвшөөрлөөр монополи компани тогтоох гэж байгаа магадлал сэжиглэж байна.

Төрөөс аяллын маршрутыг тогтоох нь оёдолчинд ямар хувцас оёхыг нь болон загвар дизайныг нь хүртэл заахтай адил зүйл. Төрөөс хувийн хэвшлийнхнийг хааж боосон зөрчилтэй хууль батлагдах гэж байна.

Өнгөрсөн 20, 30 жилд шаардлагаа биелүүлээд гэрчилгээ аваад явж болдог байсан. Гэтэл одоо бүр байгалийн зурагчид, чөлөөт аялагчид хүртэл монголоор аялах боломжгүй болох гэж байгаа дүр зураг харагдаж байгаа тул эсэргүүцэж байна" гэв.

"Төрөөс тусгай зөвшөөрөл авах заалт хуульд оруулснаар аялал жуулчлалын салбар авлигад идэгдэнэ"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Nomadic Trails” компанийн Гүйцэтгэх захирал О.Тулга “Бид хуулийн төслийг боловсруулж байх үед сануулсан ч хүн болгоны саналыг хүлээн авах боломжгүй гэх хариуг өгч байсан. Энэ хууль яг энэ чигээрээ батлагдвал аялал жуулчлалыг дэмжих бодлогыг татаж унагаах хууль болно.

Аялал жуулчлал бол цэвэр өрсөлдөөний салбар бөгөөд улс төр, авлигаас хол явдаг. Гэтэл одоо үүнийг өөрчилж, төр аялал жуулчлалыг өөрийн мэдэл дор оруулах гэж байна.

Өөрөөр хэлбэл, аялал жуулчлалын салбарыг төр тусгай зөвшөөрөл гэдэг ташуураар ташуурдах нь гэж харж байна. Энэ салбар 80 мянган хүнийг ажил орлоготой байлгадаг бөгөөд монголын эдийн засагт 600 сая ам.долларыг улс төрөөс ямар ч хамааралгүйгээр хувь нэмэр оруулдаг.

Тусгай зөвшөөрөл оруулснаар аялал жуулчлалын салбар авлигад идэгдэнэ. Аялал жуулчлалын салбарынхан өөрсдийн ажлаа хийхийн хажуугаар төрийн олон дарга, байцаагч нарын хаалга үүдийг сахидаг ажил нэмэгдэх болох нь.

Үүний улмаас цаашид шинэ залуу үе, спарт ап-ууд энэ салбарыг зүглэхгүй болно. Энэ салбарт боловсон хүчний шаардлага яригдаж байгаа нөхцөлд ийм дарамттай, хүнд нөхцөлд хэн ч ажиллахыг хүсэхгүй. Тиймээс бид боловсон хүчнээ хүртэл цаашид алдах нь гэж харж байна.

 Төрөөс аялал жуулчлалын салбар чухал учраас дэмжинэ гэж байгаа мөртлөө цаагуураа хуулиараа биднийг боомилж, торгох гэсэн шат руу явж байна” гэв.

"Бизнесийн ёс зүй, өрсөлдөөнийг боомилсон, зөвхөн хэсэг хүмүүсийн эрх ашигт тааруулсан хууль батлах гэж байгааг эсэргүүцэж байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбооны үүсгэн байгуулагч н.Нарангэрэл “Мэргэжлийн хөтөч тайлбарлагч гэдэг Монгол орноор аялж байгаа жуулчдад хөтөч хийх үйлчилгээ үзүүлдэг. Энэ хуульд шинэчлэл орно гэж яригдсаар 5-6 жилийн нүүр үзэж байгаа. Энэ хугацаанд салбарын бүх хүмүүс энэ хуулийн талаар саналаа өгч, маш олон удаагийн хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг хийж байсан. Гэтэл эцсийн үр дүнд манай салбарын эрх зүйн орчныг сайжруулах хуулийн төсөлд бидний саналын 80 хувийг хассан байна.

Хуулийн фермүүд яагаад салбарын нийтлэг эрх ашгийг хамгаалсан саналыг өөрсдийн дураар хасаад байна вэ.

Мөн жуулчин монголд ирэхэд маш олон байдлаар мэдээллээ төрийн байгууллагад өгч байгаа. Жуулчны компаниуд жил бүр хаана, хэдэн жуулчин авчраад тухайн орон нутагт хэчнээн төгрөгийн төлбөр төлсөн тухай бүх статистикийг гаргаж өгдөг. Гэтэл дахиад нэмж төрийн мэдээллийн сан руу бүх аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн нөү хау болон ямар харилцагчтай харилцдагийг хүртэл БОАЖЯ-наас асууж, мэдээлэл нэхэж байна. Энэ бол манай төрийн маш том бүдүүлэг алхам.

Бид өнөөдрийг хүртэл нэг жуулчин авчрахад нэг ч төрийн албан тушаалтанд авлигал өгч үзээгүй. Гэтэл одоо тусгай зөвшөөрөл нэхэхээр хуулийн заалт оруулж өөрсдийнхөө тоглоомын дүрмээр шийдэж байна.

Бид энэ хуулийн төслийн заалт бүр дээр мэргэжлийн зөвлөгөө авсан. Хууль ийм шатандаа хүрээд бид эсэргүүцээд эхлэхээр тэд бидэнд "Одоо ярилцъя" гэцгээж байна.

Мөн биднийг эсэргүүцээд эхлэхээр хэдэн жижиг компаниуд гэж ярьж байгаа. Тэгвэл том компаниуд гэж хэний компанийг хэлж байна вэ.

Өнөөдөр бид гадаадаас 10 жуулчин оруулж ирсэн ч Монголын эдийн засагт нэмэртэй. Угаасаа гадаадаас жуулчин оруулж ирэхэд виз мэдүүлэхээс эхлээд энэ салбарт бизнес эрхэлж байгаа ямар ч хүн ангиллын гэрчилгээгүй, аяллын компанийн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулах боломжгүй байдаг. Бид жуулчин руу жолооч явуулахдаа хүртэл асар олон бичиг баримт бүрдүүлдэг.

Жуулчны мэргэжлийн ажилтнаа хүртэл олон улсын стандартаар бэлтгэдэг. Өнөөдөр эрх баригчид тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэдэг атлаа одоо хуулийн төсөлдөө 50 хувиас дээш заалтууддаа торгоно, эрхийг хураана гэх мэтээр бизнесийн ёс зүй, өрсөлдөөнийг боомилсон, зөвхөн хэсэг хүмүүсийн буюу том компанийн эрх ашигт тааруулсан хууль батлах гэж байгааг эсэргүүцэж байна” гэв.

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав