Авлигатай Тэмцэх Газар(АТГ), цагдаа болон тагнуулын байгууллагаас нийслэлийн Прокурорын хяналттайгаар нүүрсний гэх тодотголтой хэрэгт таван үндсэн чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Мэдээлэл танилцуулах үеэр нь сэтгүүлч "Нүүрсний хулгайн хэргийг хууль хяналтын байгууллагууд дөрөвдүгээр сараас хойш мэдээлэгдсэн гэж байгаа. Яагаад тухайн үеэс хойш дорвитой шалгалт хийж чадаагүй юм бэ. Жишээлбэл, дөрөвдүгээр сараас хойш нүүрсний хулгайн хэрэг гэж ярьж байхад АТГ-ын мөрдөн байцаагч нар ажиллаагүй юм бэ" хэмээн асуув.
Үүнд АТГ-ын дэд дарга Г.Азжаргал "Нүүрсний хулгай гэдгийг дөрөвдүгээр сараас эхэлсэн гэж бодохгүй байна. АТГ-аас өнөөдрйн байдлаар 14 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүд ч бий. Харин дөрөвдүгээр сараас нүүрсний хулгай гэх ерөнхий нэрээр явж эхэлсэн байх" гэж хариулав.
Түүнчлэн "Эрдэнэс Тавантолгой компанийн удирдлагуудтай холбоотой хэрэг маргааныг шалгаж байгаа. Найман хүнийг баривчилж, зургааг нь цагдан хорих саналтайгаар прокурорын байгууллагаас шүүхэд хандсан. Бусдаас хээл хахууль авсан, хамаарал бүхий этгээдүүдээр мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зэрэг зүйл заалтаар шалгаж байна.
Гадаад дотоодод хөрөнгөтэй гэх мэдээлэл гарч байгаа учраас мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгана. Бид НҮБ-ын Авлигын эсрэг конвенцод нэгдсэн тул мөрдөн шалгах ажиллагаа асуудалгүй үргэлжилнэ" гэсэн юм.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!