Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Алибабагийн үүсгэн байгуулагч Токио хотод нуугдаж байгааг мэдээлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Хятадын хамгийн баян хүмүүсийн нэг, Алибаба группийн үүсгэн байгуулагч Жэк Ма гэр бүлийн хамт Токио хотод олны нүднээс далд амьдарч байгаа тухай Financial Times сонин өчигдөр мэдээлжээ.

Тэрбээр хоёр жилийн өмнө Шанхай хотод болсон нэг арга хэмжээний үеэр Хятадын засгийн газрын бодлогыг шүүмжилснээсээ хойш олны нүдэнд үзэгдэхээ больсон юм.

Тэр үеэс хойш Бээжингийн эрх баригчид тус улсын технологийн аварга компаниудын хяналтыг чангатгаж, монополи байдлыг нь хязгаарлах арга хэмжээнүүдийг авч эхлээд байгаа.

Үүний улмаас Алибабагийн хувьцааны үнэ унаж, Жэк Ма тэргүүн баяны титмээ алдсан юм. Энэ хугацаанд түүний хөрөнгийн хэмжээ $50 тэрбумаас $21.7 тэрбум болж буурсан байна.

Өнгөрсөн оны эхээр Магийн нэгэн арга хэмжээнд оролцож буйг харуулсан 48 секундийн урттай дүрс бичлэг тарж байв. Дараа нь өнгөрсөн оны зун түүний эзэмшлийн 88 метр урт “Zen” дарвуулт хөлөг Испанийн Мальорка арлын боомтод нэг удаа үзэгдсэн юм.

Financial Times сонины олсон эх сурвалж 58 настай тэрбумтан сүүлийн зургаан сарын турш Японы нийслэлд гэр бүлийн хамт амьдарч байгааг мэдээлжээ.

Жэк Ма энэ хугацаанд бизнес, амралтыг хослуулж, заримдаа Японы онсен халуун рашаан, цанын баазад очиж, хааяа АНУ, Израил руу нисэж байсан гэнэ.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд түүний байгуулсан Алибаба группийн үйл ажиллагаа нэлээд хумигдаж, томоохон торгуулиар шийтгүүлсэн юм.

Тухайлбал онлайн худалдааны салбарт шударга бус аргаар өрсөлдсөн шалтгаанаар $2.8 тэрбумын торгууль хүлээсэн нь энэ төрлийн шийтгэлийн түүхэн дээд хэмжээ болж байжээ.

Мөн Алибабагийн бүрэлдэхүүнд багтдаг, онлайн төлбөр тооцооны Ant Group компанийн хөрөнгийн зах зээлээс $34 тэрбумыг босгох төлөвлөгөөг Хятадын эрх баригчид хориглосон юм.

Өнгөрсөн долоо хоногт Хятадын төв банк Ant Group-т $1 тэрбум гаруй хэмжээтэй торгууль оноохоор болсныг эх сурвалжууд мэдээлсэн байна.

Энэ оны наймдугаар сард Японы Softbank групп Алибаба дахь өөрийн эзэмшлийн 23.7 хувийг 14.6 хувь болгон бууруулж, зөрүүг нь $34 тэрбумаар зарсан юм. Тус группийг үүсгэн байгуулагч, Японы тэргүүн баян Масаяоши Сон 2000 онд Алибабад $20 саяын хөрөнгө оруулж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian