Уншиж байна ...

“Louis Vuitton” брэндийн хөлөг удахгүй сансарт нисэж магадгүй талаар Францын тэрбумтан ярьжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн баян эрхмүүд болох Америкийн тэрбумтан Илон Маск, Францын тэрбумтан Бернар Арно нар саяхан хамтарч ажиллах боломжийн талаар ярилцжээ.

Арно бол Францын тэргүүн баян, дэлхийн гурав дахь баян хүн бөгөөд тансаг эдлэлийн брэндүүдийг нэгтгэсэн LVMH группийн эзэн юм.

Парисын Зуны Олимпын нээлтийн өмнө тэрбээр CNBC сувгийн “Squawk Box” хөтөлбөрт оролцохдоо дэлхийн тэргүүн баянд тооцогдож буй Илон Маскийн талаар ярьжээ.

Арно, Маск нар олимпын нээлтийн өмнө Францын ерөнхийлөгч Эммануэл Макронтой цуг Парис хотод оройн зоог барьсан юм байна.

“Би түүний ажил үйлсийг маш их хүндэтгэдэг. Автомашины компани ажиллуулаад ийм амжилтад хүрэх тийм амар биш. Тэр бас пуужин зохион бүтээхэд амжилт гаргаж буй суут ухаантан юм” гэж Маскийн талаар Арно ярьжээ.

“Бид Vuitton брэндийн пуужин хамтарч бүтээх нэг санааг ярилцсан” гэж тэр цааш нь ярьсан юм.

Хэрвээ энэ санаа хэрэгжвэл Маск өөрт нь “сансарт нисэх санал тавьж магадгүй” гэдгээс айж байгаагаа Арно энэ үеэр хошигножээ.

Одоо 75 настай Арно өмнө нь Apple-ийн Стив Жобс агсантай хамтын ажиллагааны талаар ярилцаж байснаа энэ үеэр бас дурссан байна.

Apple-ийн дэлгүүрүүдийг нээж эхлэхээсээ өмнө Жобс түүнээс жижиглэн худалдааны бизнесийг хэрхэн зөв зохион байгуулах талаар асууж байжээ.

Арно түүнд хамгийн чухал нь байршил болохыг хэлж, Louis Vuitton-ий дэлгүүрүүдийн байршлыг дагахад буруудахгүйг зөвлөж байсан гэнэ.

“Тэр миний зөвлөгөөг маш их сонирхож байсан. Тэгээд анхны дэлгүүрүүдийнхээ нэгийг Токио дахь манай дэлгүүрийн яг урд нээж байлаа. Энэ шийдвэр гайхмаар амжилт авчирсан” гэж Арно дурсжээ.

Блүүмбэрг агентлагийн тооцоолсноор одоо Маскийн хөрөнгийн хэмжээ $244 тэрбум, Арногийн хөрөнгийн хэмжээ $185 тэрбум орчим юм байна.

 

Эх сурвалж: Business Insider