Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Австралийн тамирчин Парисын Олимпын наадамд оролцохын тулд нэг хуруугаа тайруулав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Австралийн зүлэгний хоккейн тамирчин Парисын зуны олимпын наадамд оролцох боломжоо алдахгүйн тулд гарын нэг хуруугаа тайруулжээ.

Мэтт Даусон хоёр долоо хоног орчмын өмнө Перт хотод багийнхантайгаа бэлтгэл хийж байгаад баруун гарын нэг хуруугаа хугалж байв.

Хугарсан хурууг эмчлэх мэс заслын үр дүн хэдэн сарын дараа гарахаар байжээ.

Тиймээс 30 настай тамирчин гурав дахь олимпын наадамдаа оролцох боломжийг алдахгүйн тулд хуруугаа тайруулах шийдвэр гаргасан нь багийнхан болон түүний дасгалжуулагчийг цочирдон гайхахад хүргэсэн байна.

Даусон хуруугаа хугалснаас хойш ердөө 16 хоногийн дараа өнөөдөр буюу Бямба гарагт Аргентины шигшээ багтай олимпын анхны тэмцээндээ орох юм.

Хурууг эмчлэхэд урт хугацаа шаардагдах ба эдгэрсний дараа бүрэн ажиллагаатай болж чадахгүй ч байх боломжтойг Даусон эмчээсээ сонссон байна.

Харин тайруулбал 10 хоногийн дараа талбайд гарах боломжтойг мэджээ.

“Миний хувьд спортын замнал маань дуусах ойртож байгаа. Тиймээс энэ миний сүүлчийн олимп болох магадлалтай. Энэ олимпод оролцох үнийг хурууныхаа дээд хэсгээр төллөө” гэж Даусон хэвлэлд ярьсан юм.

Шийдвэр бүх багийнхныг гайхшируулсан ч эцэст нь бүгд Даусоныг дэмжсэн тухай багийн ахлагч Аран Залевски ярьжээ.

“Амьдралдаа ганц тохиох чухал сонголттой тулгарч, өндөр түвшний тэмцээнд оролцох боломжоо алдахгүйн тулд тэр энэ шийдвэрийг амархан гаргасан байх гэж би бодож байна” гэж тэр Парист болсон хэвлэлийн хурлын үеэр ярьсан байна.

Даусоны хувьд өмнө нь ч хүнд гэмтэл бэртэл авч байсан түүхтэй. Тэрбээр 2018 оны Хамтын Нөхөрлөлийн Орнуудын Наадмын үеэр хоккейн цохиурт нэг нүдээ алдах шахсан ч тэмцээнээ үргэлжлүүлэн алтан медаль зүүж байв.

Дараа нь тэр багтайгаа Токиогийн олимпын наадмаас мөнгөн медаль зүүж байжээ.

 

Эх сурвалж: BBC