Уул уурхайн хайгуул, олборлолт, төсөл хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Степ Голд” компани жил бүр орон нутгийн оюутнуудад тэтгэлэг олгодог.
Тэтгэлэг авсан нийт оюутны 18 нь гадаадын их, дээд суралцаж байгаа нь бахдам амжилт гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.
"Боловсролтой Монгол иргэнд хөрөнгө оруулна" уриаг эрхэм зорилго болгон ажилладгаа “Степ Голд” компанийн Хүний нөөцийн менежер Г.Одонтунгалаг хэллээ.
Уг тэтгэлгийн талаар түүнээс тодрууллаа.
Тэрбээр “Бид нийгмийн хариуцлагын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүс нутгууд болох Дорнод аймгийн Цагаан-Овоо, Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын нийт оюутанд тэтгэлэг олгосоор ирсэн.
Тэтгэлгийн материалыг жил бүрийн есдүгээр сард хүлээн авдаг. Ямар нэг нарийн шалгуур тавьдаггүй. Тухайн сумын оюутан мөн л бол тэтгэлэг авах боломжтой гэсэн үг.
Тэд сургуулийн тодорхойлолт, төлбөрийн нэхэмжлэл, өөрийн болон эцэг эхийн иргэний үнэмлэхийн хуулбар, сургалтын тэтгэлэг хүссэн өргөдөл өгөхөд л хангалттай” хэмээгээд оюутнуудад амжилт хүслээ.
Үүний дараа оюутнуудын төлөөлөлд тэтгэлгийн батламж гардуулав.
Үргэлжлүүлэн ШУТИС-ийн ГГУС-ийн ахлах багш С.Оюунгэрэл "Амжилттай суралцахад сургалтын тэтгэлэг нөлөөлөх нь” сэдвээр сэтгэл судлаач Ц.Дэлгэрмэнд “Боловсрол ирээдүйн аз жаргалд хэрхэн нөлөөлдөг вэ” сэдвийн хүрээнд сонирхолтой мэдээлэл хүргэлээ.
МУБИС-ийн гуравдугаар дамжааны оюутан О.Цагаанцоож “Степ Голд” компанийн тэтгэлгийг анх удаа авлаа. Маш их баяртай байна. Миний хувьд боловсрол судлаач мэргэжлээр суралцдаг.
Орон нутагт дадлагаар ажиллахдаа боловсролын салбарт өөрчлөлт хийх бол маш сайн судалж, зөв дүгнэлт шийдвэр гаргах нь чухал гэдгийг ойлгосон.
Сургалтын төлбөрийн хэмнэсэн мөнгөөрөө хэл сайжруулж, гадагшаа сургуульд явах зорилго тавьсан.
Эх орондоо эргэж ирээд боловсролын салбарын чадварлаг мэргэжилтэн болно” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.
АШУҮИС-ийн хоёрдугаар дамжааны оюутан Н.Отгонбаатар "Би одоо АШУҮИС-д хүний их эмчээр суралцаж байна. Энэхүү тэтгэлгийг хоёр дахь жилдээ авч байгаа.
Аав ээжийнхээ нуруун дээрх ачааг бага ч гэсэн хөнгөлж байгаадаа туйлын их баяртай байна.
“Степ Голд” компанийн тэтгэлэг хувь хүний боловсрол, мэдлэгт буцалтгүй хөрөнгө оруулж байгаа таалагддаг юм” хэмээн ярив.
Дорнод аймгийн Цагаан-Овоо суман дахь Алтан Цагаан Овоо төслийн хоёрдугаар шатны бүтээн байгуулалт өрнөж байгаа бөгөөд 300 орчим ажлын байр шинээр нэмэгдэх ажээ.
Энэ үеэр Орон нутгийн харилцаа хариуцсан менежер Г.Алтанбаяр орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компани нутгийн иргэдтэй нягт ажиллахын чухлыг дурдсан.
Тэрбээр “Ашигт малтмалын тухай хуулийн 42.1-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулахыг тусгасан. Энэхүү гэрээг манай компани үйл ажиллагаа эхлэхтэй зэрэгцэн байгуулдаг.
Бидний байгуулсан гэрээнд гурван чухал заалт бий.
Үүнээс гадна компанийн санаачилгаар хэрэгжүүлж байгаа хамгийн том төсөл нь оюутны тэтгэлэгт хөтөлбөр юм. Мөн манай төслийг дагаж бий болсон ажлын байруудад Цагаан-Овоо сумын ихэнх айл өрхөөс ажиллаж байгаа. Эргээд сумандаа ажиллаж амьдрах иргэдийн тоо ч нэмэгдэж байгаад манай компанийн нөлөө их гэж бодож байна" гэж ярилаа.
Уурхайн үйл ажиллагааны үр шимээр нутаг орны иргэдийн амьдралын чадавх нэмэгдсэнийг Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын засаг дарга Д.Батмагнай хэлсэн юм.
Тус суманд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар түүнээс тодрууллаа.
Тэрбээр “Алтан Цагаан-Овоо төсөл 2017 оноос манай суманд хэрэгжиж эхэлсэн. Орон нутаг, компани хооронд гуравласан гэрээ байгуулан өдгөө амжилттай ажиллаж байна.
Уурхайн ажилчдын 75% нь орон нутгийнх. Үүнээс манай сумын 160 орчим иргэн ажиллаж байгаа нь тэр хэмжээний гэр бүлийн нийгмийн асуудал шийдэгдсэн гэсэн үг. Бас туслан гүйцэтгэгч компаниуд ч байгаа.
Тус компанийн 700 сая төгрөгөөр сумын иргэд төвлөрсөн халаалтын системд холбогдлоо. Мөн Элст багийн зургаан өрхийг малжуулах төсөлд хамруулсан. ЖДҮ-ийг дэмжих 150 сая төгрөгийг төсөл хэрэгжүүлэхэд бэлэн болсон нь үр өгөөжөө өгч байна” хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
|