Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс $200 саяар Зимбабве улсад шинэ парламентын ордон барьж өглөө

Т.Давааням, ikon.mn
2022 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Хятад улсын тусламжаар баригдсан олон саяын өртөгтэй шинэ парламентын ордноо Зимбабве улсын ерөнхийлөгч Эммерсон Мнангагва өчигдөр нээжээ.

Нийслэл Хараре хотоос баруун зүгт 18 км зайтай орших Хамптенд баригдсан энэ ордон нь зургаан давхар өндөр, $200 саяын өртөгтэй юм. Нийслэл хотын төвлөрлийг бууруулах төлөвлөгөөний хүрээнд Зимбабвегийн эрх баригчид дагуул хот Хамптенд төр засгийн байгууллагуудыг нүүлгэн шилжүүлж байгаа ажээ.

Тус улсын парламент өмнө нь Хараре хотын төвд колоничлолын үеийн хуучин барилгад байрлаж байв.

Хятадын засгийн газар шинэ ордныг бэлэглэсэн нь Британийн колони байсан Зимбабвед тус улсын нөлөө хэр нэмэгдсэнийг харуулж байна.

Парламентын чуулганыг нээж хэлсэн үгэндээ ерөнхийлөгч Мнангагва шинэ ордныг “ид шидийн” хэмээн магтаж, энэхүү бүтээн байгуулалт нь Зимбабве, Хятад улсуудын “стратегийн иж бүрэн түншлэл, ахан дүүсийн найрсаг харилцааны илрэл” болохыг онцолжээ.

Хятадын эрх баригчид 1960-аад оны үед цагаан арьст цөөнхийн засаглалын эсрэг тэмцэж байсан Зимбабвегийн партизаны бүлэгт дэмжлэг үзүүлж, төмөр зам байгуулахад нь тусалж байсан түүхтэй.

Улмаар 1980 онд Зимбабве улс Британийн колоничлолоос салж, тусгаар тогтнолоо олсон юм.

Тусгаар тогтносныхоо дараа Зимбабве нь Өрнөдийн орнуудтай илүү ойр харилцаатай байжээ. Гэвч хүний эрхийн зөрчил, шударга бус сонгуультай холбоотойгоор тус улс Өрнөдийн эдийн засгийн хоригт орсон нь 2003 оноос хойш Хятад улстай ойртон дотносоход нөлөөлсөн байна.

Хятад улс сүүлийн жилүүдэд Зимбабвегийн дэд бүтцийн төслүүдэд томоохон хөрөнгө оруулалтуудыг хийж байгаа.

Тухайлбал 2014 онд Хараред нээгдсэн Батлан Хамгаалахын Үндэсний Коллежийн барилгыг Хятадын компани Хятадын засгийн газрын $98 саяын хүүгүй зээлээр барьж байжээ.

Гэхдээ 2017 онд төрийн эргэлтээр огцорч, 2019 онд нас барсан өмнөх ерөнхийлөгч Роберт Мугабегээс ялгаатай нь одоогийн ерөнхийлөгч Мнангагва гадаад бодлогодоо хүчний харьцааг тэнцүүлж, Өрнөдийнхөнтэй харилцаагаа сэргээхийг хичээж байгаа.

Тухайлбал тэр 2003 онд Британийн хамтын нөхөрлөлийн орнуудын холбооноос гарсан Зимбабвег дахин гишүүнээр элсүүлэх хүсэлтийг саяхан гаргасан юм.

Улс орноо “бүхний найз нөхөр, хэний ч дайсан биш” гэж тодорхойлдог Мнангагва өөрт оноосон эдийн засгийн хоригийг яаралтай цуцлахыг Өрнөдийн орнуудад уриалж байгаа. Тэрбээр ирэх сард болох АНУ-Африкийн дээд чуулганд уригдсан нь түүний хичээл зүтгэл ахицтай байгааг харуулж байна. Мугабегийн дэглэмийн үед тус улсын төрийн тэргүүнийг АНУ энэхүү арга хэмжээндээ огт урьж байгаагүй юм.

 

Эх сурвалж: Associated Press