Уншиж байна ...

Б.Тэрбиш: Богдхан уулын Дархан цаазат бүсэд хууль зөрчиж барьсан 590 орон сууцанд 10,067 иргэн амьдарч байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2022 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зориулалт бусаар газар ашиглагч 66 иргэн хуулийн этгээдийг Авлигатай Тэмцэх Газар (АТГ) шалгаж байгаа тухай АТГ-ын Ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш хэллээ.

Мөн тэрбээр тухайн бүс нутагт өнөөдрийн байдлаар хууль зөрчиж 590 орон сууц баригдсан гэдгийг "Барилгын салбар дахь авлигын эрсдэл ба инженерийн ёс зүй” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр онцолсон юм.

Б.Тэрбиш хэлэхдээ "Богдхан уулын дархан цаазад газартай холбоотой газар ашиглалт нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулагддаг бөгөөд тус хуулийн хүрээнд байгаль орчны байцаагчийн отог эсвэл аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглаж болдог.

Гэтэл бодит байдал дээр Богдхан уулын бүсэд аялал жуулчлалын зориулалтынх бус орон сууцны барилгууд маш их байдаг. 2022 оны арваннэгдүгээр сарын байдлаар гэхэд орон сууцны зориулалттай 590 барилгад нийт 10,067 иргэн амьдарч байна.

Өөрөөр хэлбэл, Дархан цаазат бүсэд баригдсан дээрх 590 орон сууц бүгд зөрчилтэй буюу анхнаасаа зориулалтын бусаар баригдсан, эсвэл барилга барих зөвшөөрөл аваагүй гэсэн үг.

зураг
 

Мөн АТГ-аас зориулалт бусаар газар ашиглагч 66 иргэн хуулийн этгээдийг шалгаж байна. Гэхдээ энэ нь одоогийн байдлаар шалгагдаж байгаа аж ахуйн нэгжийн тоо учраас зөрчилтэй барилгуудыг энэ тоо баримтаар хязгаарлаж болохгүй.

Цаашид асуудалд анхаарч, хөндлөнгийн хяналт тавихыг мэргэжлийн байгууллагуудад бид зөвлөж байна" гэлээ.

Түүнээс гадна, АТГ-аас нийслэлийн хэмжээнд зөрчилтэй 102 барилга байгууламж дээр хяналт шалгалт хийж байгаа тухай дурдав. Тодруулбал,

  • Хот төлөвлөлтийн болон барилгын норм дүрмийн шаардлагыг зөрчиж барилга барьсан 22 иргэн, хуулийн этгээд,
  • Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгүй барилга байгууламж барьсан 33 иргэн, хуулийн этгээд
  • Барилгын загвар зураггүй барилга байгууламж барьсан 17 иргэн, хуулийн этгээд
  • Архитектур төлөвлөлтийн даалгаваргүй барилга байгууламж барьсан 30 иргэн, хуулийн этгээд байна хэмээн ярилаа.

Уг асуудалд нийслэлээс гарсан ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу АТГ-аас дахин даалгавар өгөөд, зөрчил арилгах албан бичгийг өгөн ажиллаж байгаа аж.

зураг
 

Мөн хэлэлцүүлгийн үеэр хот төлөвлөлт болон барилгын норм дүрмийн шаардлагад нийцээгүй 22 иргэн, хуулийн этгээдийн асуудал ч яригдав.

Энэ тухай АТГ-ын Ахлах комиссар Б.Тэрбиш "Тухайн 22 барилга нь огт зөвшөөрөл авалгүйгээр нийтийн эзэмшлийн талбай дээр болон авто зам, явган замын хөдөлгөөнд саад учруулсан барилга байгууламж барьсан эсвэл гэрэлтүүлэг болон аюулгүй байдлын дүрэм журмыг зөрчсөн" хэмээн онцоллоо.