ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Алтантуяа: Дөрвөн градуст хадгалах ёстой таргийг 18 градуст хоёр хоног хадгалаад уувал хэрэглэгч өөрөө хүнсний аюулгүй байдлыг зөрчиж байна гэсэн үг

Т.Өлзийбаяр, iKon.mn
2022 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгах шийдвэр гаргаад буй. Иймээс хүнсний салбарт цаашид хяналтыг хэрхэн тавих тухай болон чиг үүргийн өөрчлөлт шинэчлэл, хүнсний аюулгүй байдлын хяналт, хууль эрх зүйн орчны талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын хяналтын газрын дарга Б.Алтантуяатай ярилцлаа.

-Салбарын хяналтыг яамдад хариуцуулахаар болсон. Хүнсний аюулгүй байдлын хяналтын чиг үүрэг хаана шилжив? Цаашид ямар зохион байгуулалтад орж, ямар зарчмаар хүнсний аюулгүй байдлын хяналтыг хэрэгжүүлэн ажиллах вэ?

-2023 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбоотой түүнийг дагаж Мэргэжлийн хяналтын байгууллагатай холбоотой 83-н хуульд нэмэлт өөрчлөлт орж батлагдлаа. Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэг бусад салбар яамдад шилжиж буйтай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын хяналтын газрын хувьд ХХААХҮЯ-нд хяналтын нэгж болж очиж байна. Харин хүнсний салбарын улсын байцаагч нар тухайн орон нутагтаа хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын нэгж байдлаар ажиллана.

Энэ өөрчлөлтөөр хүнсний аюулгүй байдлын хяналтыг  улсын хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж буй нэг ч улсын / ахлах/ байцаагч ажилгүй болохгүй, хяналт шалгалтын процессод өөрчлөлт ороогүй, хяналт шалгалт хийх үндсэн зарчим хэвээрээ. Өмнөхийн адил эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хуулийн хүрээнд хийж гүйцэтгэхээр байгаа.

-Захиргааны болон үйлчилгээний хэчнээн ажилтан ажлаасаа чөлөөлөгдөхөөр байгаа вэ? Эдгээр хүнийг цомхотголд орсон гэж урамшуулал өгөх үү?

-Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаа татан буугдаж, салбар яамдад шилжиж буйтай холбоотой захиргаа үйлчилгээний албан хаагчдын ажлын байр, баталгааны асуудал гарч байгаа байх. Төрийн албан хаагч бидний бүх асуудлыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулсан байдаг учраас хуулийн дагуу шийдэгдээд явна байхаа.

10 шалгуур үзүүлэлтийн дагуу хяналт хийдэг

-Одоогоор ямар байдлаар хүнсний аюулгүй байдалд хяналт тавьж ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хүнсний аюулгүй байдлын хяналт шалгалтыг  улсын хэмжээнд шалгуулагч этгээдийн үйл ажиллагааг их, дунд, бага гэж эрсдэлээр нь үнэлээд их дунд эрсдэлтэй бол тухайн хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийг төлөвлөгөөт шалгалтад хамруулдаг. Хяналт шалгалтыг эрсдэлийн 10 шалгуур үзүүлэлтийн дагуу 58 хяналтын хуудсаар хамгийн гол нь лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн хяналтыг хэрэгжүүлдгээрээ хүнсний аюулгүй байдлын хяналт онцлог байдгийг дурдах нь зүйтэй.

Ард иргэд аж ахуйн нэгж байгууллагаас өргөдөл хүсэлт ирвэл тухай бүр төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хуулийн хүрээнд хийж байна. Энэ бүх хяналтын хуудаснуудаа аж ахуйн нэгж иргэнд харагдах байдлаар веб сайтад нээлттэй байршуулдаг. Өөрөөр хэлбэл иргэн, ААН-ийн хувьд тухайн хяналтын хуудсыг татаж аваад, өөрийнхөө үйл ажиллагааг хянаад явдаг гэсэн үг.

 -Хүнсний аюулгүй байдал, хүнстэй холбоотой асуудалд Ерөнхийлөгчөөс авхуулаад олон төрийн байгууллага оролцдог юм шиг санагддаг. Энэ талаар тодруулахгүй юу ?

-Хүнсний аюулгүй байдал нь хүний эрүүл мэнд, амь нас, нийгмийн эрүүл мэндийн асуудалтай шууд холбоотой, Монгол Улсын 3.5 сая хүн бүртэй шууд хамааралтай, хамрах хүрээ ихтэй салбар учраас Манай улсад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хүнсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хүсний аюулгүй байдлын асуудал болоод хяналттай шууд холбогддог яам, агентлагууд тухайлбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий  газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Стандартчилал Хэмжил зүйн газар, Гаалийн ерөнхий газрын Хилийн хорио цээрийн хяналтын газар болон мөн ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, хүнсийг шинжилдэг лабораториуд гээд маш олон төрийн байгууллагууд оролцогч тал болж явдаг өргөн тогтолцоотой байгаа.

Энэ бол олон улсын жишгээр төр хүнсний аюулгүй байдалдаа онцгойлон анхаарч буй сайн тогтолцоо боловч хамгийн чухал нь уялдаа холбоог маш сайн хангах, үүрэг хариуцлагыг чухалчлах, хамтын ажиллагааг сайжруулж ажиллах хамгаас чухал.

-Хүнсний аюулгүй байдалтай холбоотой ямар эрх зүйн зохицуулалт хууль дүрэм журам байна. Хүнс үйлдвэрлэгчид худалдаачид  юун дээр анхаарах ёстой вэ?

-2012 оноос Хүнсний тухай, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуультай болсноор эрх зүйн зохицуулалт тодорхой болсон. Эдгээр хуулиудад

  • Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа үр дагаврыг өөрөө хариуцах;
  • Хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрд дотоод хяналтыг хэрэгжүүлж, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хариуцна гэж үүрэг болоод  хариуцлагыг маш тодорхой хуульчилсан байдаг .

Төрийн хяналт сул чадамжгүй байвал, хүнсний аюулгүй байдал алдагдана

-Хүнсний аюулгүй байдлын сүлжээний төрийн хяналт ямар байдлаар явагдаж байна вэ?

-Малчны хот, ферм, газар тариалан, хүлэмжийн аж ахуй, зах зээлийн  бэлтгэн нийлүүлэлт, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, боловсруулалт, түгээлт худалдаа үйлчилгээ, нийтийн хоол, агуулах, хэрэглэгч гэсэн бүх үе шатанд төрийн хяналт хэрэгждэг.

Яг өнөөдөр Хүнсний аюулгүй байдлын хяналт гурван төрийн байгууллагад харьяалж байна. Хилээр орж ирж буй хүнсний бүтээгдэхүүний хяналт 2021 онд Гаалийн ерөнхий газарт шилжсэн.

2017 онд мал, мах, махан бүтээгдэхүүний үйл ажиллагааны хяналт Мал эмнэлгийн ерөнхий газарт шилжсэн. Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг салбаруудад нь шилжүүлэх энэ чиг үүргийн өөрчлөлтөөр  хүнсний аюулгүй байдлын хяналт ХХААХҮЯ-нд, МХЕГ-ын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лаборатори болон 21 аймгийн сүлжээ лабораториуд Стандартчилал, хэмжил зүйн газрын харьяанд шилжиж байна.

Хүнсний аюулгүй байдлын сүлжээний төрийн хяналт хаана, ямар байгууллага, агентлаг дээр байгаагаас үл хамааран тасрах, алдагдах, ёсгүй. Хэрвээ нэг байгууллага дээр хүнсний сүлжээний төрийн хяналт сул чадамжгүй байвал, хүнсний аюулгүй байдал алдагдах учраас бид төрийн хяналтад оролцогч талуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангаж ажиллах, хамтран ажиллах  дүрэм журам, санамж бичиг боловсруулан түргэн шуурхай, хамгийн гол нь мэргэжлийн байх гэдэгт онцгой анхаарч байна. 

-Бусад улс орнуудын хувьд хүнсний аюулгүй байдлын хяналтыг нэг л байгууллага хариуцдаг. Тухайлбал, АНУ-д хүнс эмийн агентлаг, БНСУ-д мөн хүнсний яам, Сингапурт бас л тухайлсан байгууллага   байдаг шүү дээ. Харин манай улсын хувьд хүнсний аюулгүй байдалд хяналт тавих өөр өөр байгууллагууд байгааг хэрхэн уялдуулах вэ?

-Ихэнх улс орнуудад төрийн хяналт нь салбарууддаа харьяалалтай байдаг. Бүр өндөр хөгжилтэй орнуудад бол тусгайлсан дангаараа яам агентлагууд ажилладаг жишиг бий. Тухайлбал, АНУ хүнс, эмийн агентлаг, Сингапурт Хүнсний агентлаг, мөн  худалдааны яам, БНСУ-д  хүнс, эмийн аюулгүй байдлын тусдаа яам ажилладаг. Эдгээр яамныхаа дэргэд төрийн хяналтын албан ёсны хяналтын хүнсний лабораториуд, бүсийн болон хилийн хяналт нь яамныхаа бүтцэд ажиллаж байна. Уялдаа холбоог хэрхэн хангах талаар дээр дурдаж ярьсан .

-Хүнсний аюулгүй байдал алдагдлаа гэж ярьж, бичдэг. Тэгвэл манай улсад хүнсний аюулгүй байдлын нөхцөл байдал ямар түвшинд байгаа талаар салбар хариуцдаг албан хаагчийн  хувьд мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улс хүнсний бүтээгдэхүүний 70 орчим хувийг импортоор хангадаг. 30 орчмыг нь дотооддоо ханган бэлтгэн нийлүүлж, үйлдвэрлэж байна.

Хүнсний аюугүй байдлыг хангана, түүнийг хянана гэдэг бол төрийн хяналтаас гадна хүнсний сүлжээнд оролцож буй үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгч, тээвэрлэгч, тэр байтугай хэрэглэгч иргэн та хүртэл хянагч байх боломжтой. Хамгийн чухал нь хилээр орж ирж буй хүнсний бүтээгдэхүүний хяналт маш сайн байх ёстой.

Хилээр чанар аюулгүй байдал алдагдсан хүнсний бүтээгдэхүүн нэвтэрч, зах зээлд тархвал аюулгүй байдлыг хянахад маш их хүндрэл, төсөв санхүү, хүний эрүүл мэндийн асуудалд эрсдэл үүсдэг учраас импортын хамааралтай улс орны хувьд хилийн хяналт маш сайн байх чухал байгаа юм.

-Манай улсын хүнсний шинжилгээний лабораториуд хир хүчин чадалтай вэ?

-Монгол улсад өнөөдөр төрийн 81, хувийн хэвшлийн 61 нийт 142 лаборатори үйл ажиллагаа явуулдгаас төрийн албан ёсны хүсний бүтээгдэхүүний лабораторийн шинжилгээг МХЕГ-ын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лаборатори, түүний сүлжээ дэх 21 аймаг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын лаборатори, хоёр дүүргийн хүнсний лабораториуд гүйцэтгэж байгаа.

Хүнсний лабораториуд хангалттай байгаа хэдий ч үйл ажиллагаа хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, шинжилгээний арга аргачлалыг олон улсын хэмжээнд сайжруулах, бэхжүүлэх, боловсон хүчнийг тасралтгүй сургах, лабораторийн орчин үеийн багаж тоног төхөөрөмж, урвалж уусмалаар хангах гээд төр өөрөө лабораторийн нэгдсэн тогтолцооны  асуудалд онцгой анхаарах шаардлагатай байгаа.  

Хүнсний чиглэлийн стандартын хэрэгжилт, мөрдөлт 67%-тай байна

-Танай хүнсний салбарын стандартын хэрэгжилт хэр байдаг вэ?

-Хүнсний аюулгүй байдлыг хангаж, хяналт тавьж, түүнийг хэрэгжүүлж ажиллахад хүнсний үйлдвэр, худалдаа, чанар, аюулгүй байдал, шинжилгээний арга аргачлалтай холбоотой 692 стандарт байгаа. 2022 оны гуравдугаар сард Шадар сайд хүнсний салбарын стандартуудад  шинэчлэлт хийх ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хүрээнд 13 төрийн  байгууллага хамтарч ажиллаад хүнстэй холбоотой стандартуудын 80 хувьд нь  өөрчлөлт хийгдэж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтын сүүлийн есөн жилийн дундаж дүнгээр хүнсний чиглэлийн стандартын хэрэгжилт, мөрдөлт 67%-тай байна.

-Сав баглаа боодол, хадгалалт тээвэрлэлтийн асуудал хүнсний чанар, эрүүл ахуйд чухал нөлөөтэй. Энэ чиглэлээр ер нь хэр их зөрчил илэрдэг вэ?

-Мэргэжлийн хяналтын байгууллагын Хүнсний аюулгүй байдлын хяналтын газар жил бүр улсын хэмжээнд хүнсний аюулгүй байдлын статистик үзүүлэлтийг нэгтгэн гаргадаг. Энэ үр дүнгээ Үндэсний статистикийн хороонд хүргүүлдэг. Байгууллага татан буугдсан ч энэхүү ажлаа үргэлжлүүлээд ажиллана гэж ойлгож байгаа. 2021 онд хүнсний сав баглаа боодолтой холбоотой 3,443 зөрчил илрүүлсэн. Зөрчлийг илрүүлээд алдаа дутагдлыг арилгах албан шаардлагыг хүргүүлдэг.

Түүнчлэн зөвлөмж зөвлөгөө өгч ажилладаг. Хүнсний бүтээгдэхүүний  хадгалалт тээвэрлэлттэй холбоотой 2,662 зөрчил илэрч байсан. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд тухайн зөрчил гаргасан ААН-д албан шаардлага хүргүүлж, хэрэгжилтийг нь хянаад нэгдсэн сургалт явуулдаг. 

-Иргэд хүнсний аюулгүй байдлын хяналтад ямар хэлбэрээр оролцох боломжтой вэ? 

-Хүнсний бүтээгдэхүүнийг хянах хэрэглэгчийн хяналтын хуудас гэж байдаг. Хэрэглэгч өөрийнхөө худалдан авах гэж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн хяналтын хуудсаар хянаад үзэхэд эрсдэлтэй гарвал худалдаж авахгүй байж болно.

Дор хаяж худалдан авах хүнсний бүтээгдэхүүнийхээ хадгалах болон  дуусах хугацааг шалгаад авдаг хариуцлагатай, хүнсний аюулгүй байдлын талаар анхан шатны мэдээлэл, боловсролтой байх ёстой. Жишээлбэл, дөрвөн градуст хадгалах ёстой таргийг тасалгааны 18 градуст хоёр хоног хадгалаад уувал хэрэглэгч өөрөө хүнсний аюулгүй байдлыг зөрчиж байна гэсэн үг. Тиймээс хэрэглэгч хүртэл хариуцлагатай  байж , тухайн улс оронд хүнсний аюулгүй байдал хангагдаж явдаг . 

-Хэзээнээс та бүхэн салбар яамддаа шилжиж ажиллах вэ?

-2023 оны нэгдүгээр сарын 1-нээс шилжин ажиллана. Бид төрийн албанд ажиллах тангараг өргөсөн. Хаана ч, аль ч төрийн байгууллагад очсон мэргэжлийн, мэргэшсэн байх зарчмаа алдахгүй ажиллана.