Арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн байдлаар УБТЗ Эрээн өртөөнд нийт 3,317 галт тэрэг өгснөөс 636 нь экспортын нүүрстэй галт тэрэг байв. Өөрөөр хэлбэл опен топ, задгай вагон ашиглан Эрээн өртөөнд нийт 30,506 вагоноор 1 сая 539 мянган тонн нүүрс экспортод өгчээ.
Энэ нь экспортын нүүрстэй галт тэрэгний тоо өмнөх жилүүдээсээ өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, 2020 онд 474, 2021 онд 584 нүүрстэй галт тэрэг Эрээн өртөөнд хүлээлгэн өгч байсан бол энэ оны арваннэгдүгээр сарын 6-ны байдлаар 636 галт тэрэг хүлээлгэн өгчээ.
Тэгвэл бусад хилийн гарцаар арваннэгдүгээр сарын 4-10-ны өдрүүдэд 6,126 автомашин, 1,549 чингэлэг нийт 893.8 мянган тонн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 1.8 дахин өссөн үзүүлэлт юм.
Улсын хэмжээнд оны эхнээс 24 сая 379 мянган тонн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 71 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа.
Ингэснээр эрдэс түүхий эдийн нийт экспорт дунджаар 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Жишээлбэл, нүүрс 135.4, зэсийн баяжмал 100.4, төмөр 80.3, алт 91.3, газрын тос 55.8, цайр 121.9, хайлуур жонш 45.9 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Эх сурвалж: "УБТЗ" ХНН
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!