Гудамж, талбайд байршуулах хогийн сав нь ангилах, ачих, цуглуулах технологид нийцсэн зэрэг долоон шаардлагыг хангах ёстой
Энэхүү хэм хэмжээ, стандартыг таниулах, мэдээлэл өгөх, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд, урт хугацааны хамтын ажиллагааны цар хүрээг тодорхойлохоор Хотын стандартын нэгдсэн зөвлөгөөний хүрээнд дөрвөн удаагийн салбар зөвлөгөөнийг зохион байгуулж буй.
Энэ дагуу “Хотын стандарт, иргэдийн ая тухтай орчин” салбар зөвлөгөөн өнөөдөр болж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн байгууллагын гадна орчны тохижилт, ажил үйлчилгээнд хамаарах гурван бүлгийн 19 стандартыг түүвэрлэн танилцуулсан юм. Үүнд,
- Нийгмийн дэд бүтэц
- Нийтийн эзэмшлийн эд хөрөнгө
- Ногоон байгууламж
Энэхүү бүлэг стандартад сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон төрийн байгууллагын гадна зам талбай, хашаа хайс, гэрэлтүүлэг, камержуулалт, тусгай хэрэгцээний ногоон байгууламж, авто зогсоол зэргийг иргэд, үйлчлүүлэгчдийн болон хүүхдийн аюулгүй, ая тухтай байдалд нийцүүлэн төлөвлөх, барьж байгуулах талаар тодорхой шаардлагуудыг тусгажээ.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй байдлыг хангуулах талаар тусгаж өгснөөрөө ихээхэн ач холбогдолтой болохыг холбогдох мэргэжлийнхэн хэлсэн юм.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө "Стандартуудын хэрэгжилтийг хангаснаар нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчинд өндөр ач холбогдол, үр нөлөөтэй. Мөн энэ стандартууд хэрэгжсэнээр урт хугацаандаа нийгмийн үйлчилгээний хүртээмж сайжирч, иргэдийн сэтгэл ханамж дээшлэх, үйлдвэрлэл өсөж, хотын нийт орлого нэмэгдэх, иргэдийн амьжиргаа сайжрах зэрэг олон ач холбогдолтой" гэв.
Тухайлбал, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байршуулах хогийн сав нь дараах шаардлагыг хангах ёстой аж. Үүнд,
- Төлөвлөлтийн дагуу байрлуулсан, олон нийтийн орон зай, амралт чөлөөт цаг өнгөрүүлэх газар, үйлчилгээний төвүүдтэй уялдсан байх
- Бат бөх, галд тэсвэртэй материалаар хийгдсэн, зэврэлтээс хамгаалагдсан байх
- Хогийн савны хог цуглуулах хэсгүүд нь цаасан, дахивар болон бусад хог хаях зориулалтыг заасан стандарт мэдээлэх тэмдэгтэй байх.
- Хог хаягдлыг ангилах, ачих, цуглуулах технологид нийцсэн байх
- Хог хаягдал салхиар тархах, хур тунадасны ус хуримтлагдах шүүрэл, ялгарахаас сэргийлсэн тагтай байх
- Түгээмэл хэрэглэгддэг угаалга цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн бодист тэсвэртэй, цэвэрлэхэд хялбар материалаар хийх
- Хогийн савны металл хийцийн эд ангийг зэврэлтээс хамгаалж стандарт шаардлага хангасан будаг, өнгөөр, технологийн дагуу будах
Нийтийн эзэмшлийн гудамж, цэцэрлэгт хүрээлэн, зам, талбайд байрлуулах хогийн савыг дан савтай, хос савтай, гурван савтай, зөөврийн болон тамхи татах цэгт зориулсан гэж ангилна. Жишээ зураг:
Хог хаягдлыг ангилан ялгах тэмдэгийн тухайд:
Хог хаягдлыг ангилан ялгах таних тэмдгийг зөв ашиглах нь аливаа хог хаягдлыг ангилах, дахин боловсруулах үйл ажиллагаанд чухал үүрэгтэй. Заав арчилгааны тэмдгийг үндсэн болон нэмэлт тэмдэг гэж ангилна. Дараах хүснэгтэд дахивар хог ялгах таних тэмдгийн хэмжээг үзүүлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
