Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Мөнх-Эрдэнэ: Нийслэлийн хойморт байрладаг 800,000 хүн амтай гэр хорооллыг ногоон бүс болгоно

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Хотын стандарт" нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо.

Улаанбаатар хотын 38 стандартыг аравдугаар сарын 1-нээс баталсантай холбоотойгоор оюутан залуусыг хамруулж энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулав. 

Энэ үеэр нийслэлийн хэмжээнд хийж хэрэгжүүлж буй ажлын явцыг Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ танилцууллаа. 

Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд 65 автобус шинээр оруулж ирсэн. Энэ онд багтаад 234 автобус оруулж ирэх төлөвлөгөөтэй байна. Засгийн газраас баталсны дагуу ирэх жил 500 гаруй автобусыг нийтийн тээвэр нэвтрүүлнэ. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн үйлчилгээ ирэх жилд эрс шинэчлэгдэнэ гэсэн үг.
Энэ онд хүүхэд тээвэрлэх 75 автобусыг шинээр оруулж ирсэн. Энэ нь түгжрэл бууруулах, аюулгүй байдал зэрэгт олон талын ач холбогдолтой. Цаашдаа хүүхдийн автобусны тоог нэмэгдүүлнэ.
Улаанбаатар хотод дэлхийн стандартад нийцсэн 270 автобусны зогсоолыг шинэчилсэн. Ирэх онд 626 зогсоолыг одоо мөрдөж буй стандартын дагуу шинэчилнэ.
Сургуулийн гадна орчин бол дараагийн чухал ажил. Нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн гадна орчныг тохижуулах ажлыг эхлүүлсэн. Үүнийг эрүүл аюулгүй орчинд амьдрах шаардлагад нийцүүлж, хотын стандартын дагуу тохижуулна.
Нийтийн эзэмшлийн зам, талбай баригдаж байгаа. Тодруулбал, 4,800 гарааш буулгах ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 4,300 гарааш буулгаж, баталсан стандартынхаа дагуу тохижуулах ажил үргэлжилж байгаа.
Энэ жилийн байдлаар 100 километр явган хүний замыг шинэчлээд байна. Ирэх жил мөн 100 километр явган хүний зам, 20 километр урттай дугуйн зам барихаар төлөвлөсөн.
Өнгөрсөн таван жилийн хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд гурван метрээс өндөр 12,000 гаруй нарс мод тарьсан. Өөрөөр хэлбэл, мөнх ногоон шилмүүст мод тарьсан гэсэн үг. 
Нийслэл хотынхоо хойморт байгаа 800,000 хүн амтай гэр хорооллыг ногоон бүс болгох ажлыг эхлүүлж байна. Агаар, хөрсний бохирдол гэр хорооллын бүсээс эхтэй байгаа. Гэр хороолол бол томоохон арга хэмжээ авах нэн шаардлагатай бүс нутаг. Тиймээс гэр хорооллыг ногоон бүс болгож хувиргах ажлыг ирэх таван жилийн хугацаанд хийнэ. Иргэдийнхээ таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.