УИХ-ын үдээс хойших чуулганы хуралдаанаар Хөгжлийн Банкны нөхцөл байдлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр Хөгжлийн Банкны хэрэгт холбоотой АТГ шалгаж байгаа хэргүүд юу болж байгаа талаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаа асуулаа.
Түүний асуултад Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат дараах хариултыг өгөв.
"АТГ-аас Хөгжлийн Банктай холбогдуулж 2012 оноос 2021 онуудад олгосон зээлийн асуудалтай холбогдуулж 50 гаруй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Хэрэг бүртгэлтийн шатанд явуулсан ажиллагааны үр дүнд өнөөдрийн байдлаар бид хоёр мөрдөн байцаалтын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар АТГ-аас хүлээж аваад байна. Өчигдөр нийслэлийн прокурорын газарт ирүүлсэн.
Хөгжлийн Банкны эрх бүхий албан тушаалтнууд, ААН болон төрийн албан тушаалтнууд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал олгосон гэсэн 80 гаруй албан тушаалтан, ААН яллагдагчаар татагдаж орж ирсэн. Үүнээс гадна АТГ-т Хөгжлийн Банкнаас зээл аваад чанаргүй ангилалд орж зээлээ төлөөгүй 20 гаруй хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна.
2022 оны нэгдүгээр сарын 20-ноос хойш мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа эдгээр хэрэг дээр 2.3 их наяд төгрөгийн зээл олгосон асуудлыг шалгаад 778 тэрбум төгрөгийн хохирлыг биечлэн төлүүлсэн болохыг сайдын мэдээлэлд дурдагдсан. Энэ бол мөрдөх байгууллага, прокурорын зүгээс эрүүгийн хэрэг дээр гарсан тоон үзүүлэлт эргэн төлөлтийн дүн мэдээ. Энэ дотроос 14 ААН зээлийг бүрэн төлж барагдуулсан дүнтэй байна" гэлээ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!